Хүйтний эрч чангарч нийслэлд хүндхэн нөхцөл байдалтайгаа тэмцэж байна. Хөдөө орон нутагт аймаг бүрийн засаг дарга нар арга хэмжээ авч ажиллаж байна. Гэхдээ нэг их дээрдсэн зүйл алга. Энэ их цас бидэнд “олны хүч оломгүй далай” гэдгийг мэдрүүлж байна.
Нийслэлд орсон энэ их цаснаар замын түгжрэл дээд цэгтээ тулж, шинэ тутам бэлтгэгдэж байгаа жолоочдын “жинхэнэ шалгалт” болж байх шиг. Явж чадахгүй иргэн болон, бөглөрөх машинуудад зориулж замын цасыг цэвэрлэх Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлд нөхцөл байдал хүндэрч буйг дурьдаад “Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна” гэв.
Хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах, холбогдох байгууллагуудтай нь ярилцаад цас цэвэрлэгээнд цэргийн алба хаагчид, оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулах зэргээр энэ 7 хоногт гудамж талбайн цасаа цэвэрлэж дуусгахыг үүрэг болгов оо.
Энэ удаад дайчлагдах оюутан, цэрэг, сурагчдад цалинтай байх тухай хэн ч дугарсангүй. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд төрөөс үзүүлж байгаа “олигтойхон үйлчилгээ” байхгүй ч цас, мөсөнд ашиглах юм гэнэ.
Үнэ төлбөргүй авч байгаа суурь мэдлэгээ ч хангалттай авчихаж чадахгүй байгаа сурагчид олон. Тэдний эрх маш ихээр зөрчигддөг нь нууц биш. Үнэ төлбөргүй эцэг, эхийн “халаасыг харж” амьдарч байгаа хүүхдүүдээс илүү төр өөрөө тэжээж байгаа “архагуудаар /шоронд ял эзлэж байгаа хүмүүсээр /” ажлаа хийлгье л дээ.
Тэд өдрийн 12000 төгрөгийн хоолны төсөвтэй, дулаан байртай, хүний эрх ярих дуртай, нийгмээс тусгаарлагдсан нөхдийг нэг “зараач”. Ном уншиж, өглөө оройн тооллогонд жагсаж, төмөр өргөж хичээллэж, бие биенээ дээрэлхэхээс өөр зүйл хийхгүй байгаадаа. Тэд гавъяа байгуулаагүй шүү дээ. Амьдралдаа алдсан, нийгэмд “ил” байх нь хэн нэгэнд хохиролтой байгаа болоод л “аавынд орсон”. Хийх ажилгүй “аюултай” гэдэг ганц үгний дор “мал шиг тэжээж” байхаар ганц нэг удаагийн, зайлшгүй шаардлагатай, нэн хэрэгцээтэй үед нь ажил хийлгэчихэж байя л даа. Тэдэнд цас цэвэрлэсний хөлс ч хэрэггүй. Угаас тэд үнэгүй хоол идэж, үнэгүй сурч, үнэгүй дулаан байранд амьдарч байгаа хүмүүс. Харин тэдэнд маш сайн харуул хамгаалалт хэрэгтэй.
Мөн оюутан гэж юм л бол “чичилж” байхаар авгай хүүхэддээ агсам тавьж эрүүлжүүлэгдсэн нөхдүүдээр “шарыг нь тайлагдтал” 2-3 хоног цас цэвэрлүүлчихье л дээ. Ар гэр нь ч амар хоёр хоног. Олон удаагийн давтан агсам тавьж архи уусан бол бүүр өвөлжин цас “малтуулчих”. Аандаа хаширна биздээ.
Бидэнд дайчлах маш олон хүн бий. Заавал яагаад нялх үрсээрээ цасаа цэвэрлүүлэх гээд бодоод суугаад байна аа.
Б.Саран