Монголын хууль эрх зүйн салбар сүүлийн хэдэн жил нам улс төр, салбарын сайд нарын “золиос” болоод багагүй хугацааг өнгөрүүллээ.
Өнгөрсөн 4 жилд АН засгийн эрх барьж байх цаг үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин Эрх зүйн салбарт шинэчлэлийг бий болгох нэрийн дор энэ салбарынханыг дотор нь баахан бужигнуулсан. Тахарын албыг байгуулсан, Шүүхийн байгууллагуудыг нэгтгэж дүүргүүдийн дунд нэг шүүхтэй болсон. Цагдаа нарт олгодог цолыг албан тушаалын зэрэглэлтэй болгосон.
Гэтэл МАН засгийн эрх аваад эхний ээлжинд Тахарын албаг татаг буулгасан бол, энэ удаад дүүрэг дундын шүүхүүдийг тарааж, дүүрэг тус бүрдээ шүүхтэй байхаар шийдвэрлэж байгаа гэнэ.
Үүний дагуу дүүрэг тус бүр Ерөнхий шүүгчтэй болно гэсэн үг. Тэгвэл дүүргийн Ерөнхий шүүгч болохын тулд том хэрэг дээр “ажиллаж” өөрийгөө “мундаг” гэдгийг харуулах шаардлага зарим нэг шүүгчидэд байдаг бололтой.
Саяхан Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбатын зүгээс Санжаасүрэнгийн Зориг агсаны хэргийг прокурорын байгууллага хянаж үзээд харьяалалын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлж байгаа тухай мэдэгдсэн.
Гэтэл гэнэтхэн С.Зоригийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч М.Алдар шүүхээр болсон тухай мэдээлэл гарсан. Үнэн хэрэгтээ тухайн дүүрэгт ирсэн томоохон хэргийг шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтдаг нь зүй ёсны хэрэг. Харин энэ үйл явдлыг дэвэргэн, М.Алдар шүүгч өөрийгөө С.Зоригийн хэргийг шүүх шүүгч хэмээн зарласан нь ямар учиртай юм бол гэж бодож байтал энэ хэргийн учир өдгөө тайлагдаж байх шиг.
Шүүгч М.Алдар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 53 зарлигаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон юм.
Тэрбээр даргаа хөнөөсөн хилчид, япон багшийг боомилсон монгол залууг шүүж ял оноосон. Дуулиант хэргийн тухайд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу “Шар хад”-ны эцэст хоёр эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн А.Идэрзаяад холбогдох хэргийг шүүж, шийдвэрлэж байсан байна.
М.Алдарын хувьд С.Зоригийг хэргийн “хувь заяаг” шийдвэрлэснийхээ дараа хуучин загвараар дахин байгуулагдах Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгчээр ажиллах бололтой. Магадгүй түүнийг энэ хэргийг шийдэсний дараа албан тушаалд томилох тухай “том тохироо” нэлээд дээрээс шийдвэрлэгдсэн байх гэж хардаж болохоор байна.
Эх сурвалж: zone.mn