Гурав. Хүний нөөц, ажиллах хүчин, чадавхийн шинэчлэл Аль ч улс орны Төв банкны ажилтан, банкир бол маш сайн бэлтгэгдсэн, алсын хараатай, холын бодолтой, соёлтой, ухаалаг, тооцоотой хүмүүс байдаг. Монголбанкинд газар хэлтсийн захирал, мэргэжилтнээр ажиллаж буй хүмүүст тавих шаардлага, шалгуурыг өндөрсгөхийн зэрэгцээ, тэдний ажил, амьдралын орчин, боломж, нөхцлийг дээшлүүлэн сайжруулна. Учир нь улсын хөгжлийн ирээдүй нь Төв банкинд ажиллагсдын идэвхи зүтгэл, хүнлэг чанараас шууд хамаарна. Өнөөдөр Монголбанкинд ажиллагчдын олонх нь залуус. Тэднийг дадлагажуулан мэргэшүүлэх, ахмад-залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэн туршлагажуулж, чадваржуулахын зэрэгцээ, урамшууллын хөшүүргийг ч ашиглах болно. Үүний үр дүнд хүн бүрт улс эх орноо гэсэн зүрх сэтгэл, ухамсар төлөвшин тогтох ёстой. Жижиг, өчүүхэн эрх ашигт хөтлөгдөн улс үндэсний эрх ашиг, үнэт зүйлсээ умартаж хэрхэвч болохгүй. Бидний үнэт зүйлс бол Монгол орон, Монгол хүн, Монголбанк.
Дөрөв. Үйл ажиллагааны шинэчлэл Бид орчин үеийн хөгжил, дэвшилтэт технологи, арга ажиллагаанаас хоцрохгүй, байнга зэрэгцэн алхаж, суралцаж байх учиртай. Шинэ технологи, эрсдэлийн урьдчилсан үнэлгээн дээр суурилсан удирдлага хэрэгжүүлнэ. Төв банкны ажилтан бол байнга алс хэтийг хардаг, наад зах нь 12-18 сарын дараа улс орны эдийн засаг, зах зээлд ямар хандлага өөрчлөлт гарахыг урьдчилан харахыг эрмэлзэгч байх учиртай. Монголчууд бидэнд одоо алсын хараа, эв нэгдэл, хурд туйлын чухал болоод байна. Монголбанкны үйл ажиллагаа таамгаар, хандлагаар бус улс орны онцлог, үүссэн нөхцөл байдлыг нарийвчлан тодруулсан судалгаанд суурилж явагдах учиртай. Нэн тэргүүнд макро суурьтай судалгаа түлхүү хэрэгцээтэй байна. Учир нь Монголбанкны өмнө олон хурц асуудал тулгарч, хуримтлагдан хариу хүлээж, яаралтай алхам хийхэд шахаж байна. Тухайлбал, төлбөрийн балансыг сайжруулах, гадаад өрийн дарамтыг бууруулах, валютын нөөцийг сэргээх, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрт орох, төгрөгийн ханшны уналтыг саармагжуулах, ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн зөв зохистой бүтэц, тогтолцоог бий болгож, зөв голдрилд оруулах гэх мэт олон зорилт, сорилт тулгараад байна. Эдгээр асуудалд зөв шийдэл олоход хамтын оюун ухаан, хүчин чармайлт эдийн засаг, санхүүгийн салбарын эрдэмтэн судлаачдын санал дүгнэлт, зөвлөмж Монголбанкинд нэн чухал боллоо. Иймд бид эх орноо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүстэй хамтран ажиллах болно. Бид хүндрэлийг хамтдаа хүчээ нэгтгэж байж л даван туулна.
Тав. Гадаад харилцаа, олон нийттэй харилцах ажлын шинэчлэл Монголбанкинд ирээд гайхширсан зүйлийн нэг нь төрийн мөнгөний бодлогыг гардан хэрэгжүүлэгч энэ том байгууллага гадаад харилцаа хариуцсан бүтэцгүй байсан. Гадаад харилцааг Тамгын газрын хоёр ажилтан хариуцаж байв. Иймд эхний ээлжинд гадаад харилцааны алба шинээр зохион байгуулсан ба цаашид үйл ажиллагааны ач холбогдол цар хүрээнээс хамаарч хэлтэс, газар болгон өргөтгөх боломжтой. Намайг Сангийн сайдаар ажиллаж байхад Сангийн яам нь гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны газартай байсан бөгөөд Монгол орны эдийн засгийн, санхүүгийн гадаад харилцааг өргөжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Өнөөдөр та бүгдэд дэлгэн барьж буй “Монголбанкны мэдээлэл” товхимол нь Монголбанк болон Монголын олон нийт шууд уулзах нэг гүүр болох учиртай. Зөвхөн Монголбанк төдийгүй нийт банкны системийн хэмжээнд явагдаж буй үйл ажиллагаа, мэдээллийг олон түмэнд ил тод нээлттэй, ойлгомжтой хүргэхийг бид чухалчилж анхаарах болно. Ойрын хугацаанд Монголбанкны “Сургалтын төв”-ийг шинээр нээхээр төлөвлөж байна. Ингэснээр Монголбанк болон арилжааны банкны ажилтнуудад зориулсан сургалтуудыг тасралтгүй явуулах юм. Мөн иргэдийн эдийн засаг, банк санхүүгийн боловсрол, мэдлэгт зориулсан цуврал сургалт эхлүүлэхээр судалж байна. Иргэд орчин үеийн банк санхүүгийн үйл ажиллагааны талаар зохих мэдлэгийг эзэмших нь бидний үйл ажиллагааг зөв дүгнэж цэгнэхээс эхлээд, аж амьдралаа зөв төлөвлөх, зах зээлд идэвхтэй оролцогч байхад тун их тустай юм. Учир нь банкны систем явцуу мэргэжсэн нийгмийн бүлэгт зориулж үйл ажиллагаа явуулдаггүй, нийт иргэдийн ашиг тусад үйлчилдэг билээ. Тиймээс банк санхүүгийн систем ба иргэдийн ойлголцол эндээс эхэлнэ гэж итгэж байна.
Монголбанк