С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгүй

15194547_1252238108129741_8227136074538814487_oЦаг үеийн анхаарал татсан асуудлаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос дараах асуултад хариулт авлаа.

-Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэс ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн ахлагчаар та ажиллахаар болсон. Энэ тухай мэдээлэл өгнө үү?

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг судлаж, санал дүгнэлтээ Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болсон. Ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МУ-ын сайд Ж.Мөнхбат бид хоёр хариуцаж ажиллахаар болсон. Монгол ардын намын болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол ард түмнээсээ асууж байж шийднэ гэж заасан. Үндсэн хууль батлагдаад 24 жил өнгөрч байгаа. Энэ хугацаанд Үндсэн хуулийн алдаа оноо, давуу сул талын талаар ард иргэд маань тодорхой ойлголттой болсон. Үндсэн хуульд өмнө нь ч өөрчлөлт оруулж байсан. Тухайлбал 2000 онд дордуулсан долоон өөрчлөлт гэж бас ярьдаг өөрчлөлт орж байсан.  Эдгээрээс авахуулаад засч залруулах зүйл байна гэж 2008 оноос хойш байнга ярьж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хэрхэн оруулах талаарх журмын тухай хууль баталсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нилээн босго, шалгууртай болсон. Үндсэн хуулийг УИХ-ын 57 гишүүн буюу гуравны хоёроос дээш саналаар өөрчлөх ёстой гэх мэт нилээн өндөр босготой хууль юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна уу үгүй юу гэдгийг судлах ёстой. Засаглалын тогтолцоо зөв байна уу буруу байна уу, эрх мэдлийн хувиарлалт оновчтой байгаа эсэх гэх мэт шийдвэрлэх олон асуудлууд байна.

-“Сонгуульдсаар” байгаад УИХ-ын бүрэн эрхийн хугацаа нь дуусдаг гэсэн яриа бас байдаг шүү дээ?

-Ялсан нам нь дөрвөн жил засгийн эрх барьж энэ хугацаандаа 1.5 жил сонгууль хийдэг,  нэг жилд нь сонгуульдаа бэлддэг. Өөрөөр хэлбэл хоёр жил хүрэхгүй хугацаанд төр улсаа төвхнүүлэх, ард иргэдийн амьдралын төлөө ажлаа зохицуулж бусад хугацаанд нь сонгуульд хэрхэн ялах вэ, сонгуулиар яаж ажиллах вэ гэдэгт анхаарч ажилладаг болсон гэх шүүмжлэл байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн зэрэг энэ олон сонгууль хэрэгтэй байна уу үгүй юу гэдгээс эхлээд шийдэх хэрэгтэй асуудлууд байна. Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл нь УИХ-аас байнга л бэргэсэн, үргэсэн, ажил хийхэд нь УИХ зөв байна, буруу байна гэдэг гэх мэтчилэн олон асуудал байна. Тийм учраас үүнийг судлаж, УИХ, Засгийн газарт танилцуулж, өөрчлөлт оруулах эсэхийг ард түмнээсээ асууж байгаад шийдье гэж үзсэн. Өнөөдөр Монгол ардын нам УИХ-д олонхи байгаа хэдий ч мэдээж ард түмнээсээ асууна, улс төрийн нам, олон нийтийн байгууллагууд, Үндсэн хууль судалдаг судлаач, эрдэмтэн зэрэг хүмүүстэй зөвшилцөж байж шийднэ.

-Хувь гишүүний хувьд та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна уу?

Хувь хүний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна гэж үздэг. Төрийн тогтолцоо асуудалтай, эрх мэдлийн хувиарлалт оновчтой бус байна гэдгийг мэдэж, мэдэрч байна. Тиймээс зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Төрийн бодлого, төрийн тогтолцоо зөв байж төр улсаа төвхнүүлэх, ард иргэдээ сайн сайхан амьдруулах нөхцөл бололцоо бүрдэнэ шүү дээ.

-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ?

-Аль болох ойрын үедээ буюу энэ намрын чуулгандаа багтаагаад Үндсэн хуульд ийм байдлаар нэмэлт өөрчлөлт хийвэл ямар вэ гэдэг санал дүгнэлтээ УИХ, ЗГ-т танилцуулах болов уу.

-УИХ-аас мөн ажлын хэсэг гаргах уу?

-Магадгүй УИХ-аас ажлын хэсэг гарч болно. Энэ тохиолдолд УИХ, ЗГ хамтраад ажиллаж болно. Өмнө нь УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байсан.

-Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж байна. Энэ асуудалд зарчмын зөрүүтэй хэд хэдэн санал байна. Тухайлбал, хилийн цэргийг цэргийн цагдаа болгох тухай яриа байна. Хуулийн төсөлд энэ тухай тусгагдсан уу? 

-Хуульд энэ тухай тусгагдаагүй. УИХ-ын гишүүд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэж асуулт асууж, саналаа хэлж байна. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хилийн цэргийг хилийн цагдаа болговол яасан юм гэсэн санал хэлсэн. Мөн Ж.Энхбаяр гишүүн маань яагаад хил хамгаалах байгууллага, хилчин гээд байгаа юм хилийн цэрэг гэж нэрлэж болохгүй юу гэсэн санал хэлсэн. Хуулийн төсөлд хилчин гэсэн нэр томъёоллоор явж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их хурлын 2002 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс хилийн талаар баримтлах бодлого”, түүнчлэн УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” заасны дагуу тайван цагт хилийн цэрэг нь бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн бүтэц, чиг үүргийг хуулиар тогтоохоор заасны хүрээнд хуулийн төсөл боловсруулагдсан байгаа. Ийм учраас хилийн цэрэг, хил хамгаалах байгууллага гэсэн томъёолол хуулийн төсөл хэрэглэгдсэн байгаа. Гишүүдийн хэлсэн үгэн дээр дөрөөлж, тухайн үг нь хуулийн төсөлд байгаа мэтээр тайлбарлах, мушгих, гуйвуулах шаардлагагүй юм.

-Мөн хилийн бүс, хилийн нутаг дэвсгэр гэх мэтчилэн цөөнгүй өөрчлөлтүүд байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Хилийн бүс, хилийн зурвас, хилийн шугам, хил орчмын нутаг дэвсгэр гэх мэт олон томъёоллууд байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хилийн тухай хуульд хилийн бүсийн өргөнийг 100 хүртэл км-ээр тогтоохоор заасан байдаг. Хилийн бүсэд иргэд орохдоо зөвшөөрөл авдаг, аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа эрхлэхдээ хяналт дор  ажилладаг гэхчилэн нилээдгүй хүндрэлүүд байсан. Иймээс хилийн бүс гэдэг нэр томъёог хасч хил залгаа улстай хиллэж байгаа сумуудын нутаг дэвсгэрийг хил орчмын нутаг дэвсгэр гэж томьёолж тусгасан байгаа. Манай улсын 21 аймгийн 14 нь хилийн нутаг дэвсгэр дээр, 70 орчим сум хилийн бүсэд байрлаж байна. Хуулийн төсөлд хил орчмын нутаг дэвсгэрт 70 орчим сумаа хамааруулахаар тусгасан байгаа. Хилийн зурвас гэдгийг хилийн шугамаас 15 км хүртэлх радиуст байрлах нутаг дэвсгэрийг хамааруулж, энэ зурваст Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөлтэйгээр нэвтэрч, Хилийн тухай болон бусад хууль тогтоомжоор хориглосноос бусад ажил, үйлдвэрлэл явуулдаг зохицуулалтыг хэвээр хадгалж байгаа юм. Ингэж нэг талаасаа аж ахуй нэгжүүдэд хил орчмын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах боломжийг нээлттэй болгоё, нөгөө талаас тодорхой нутаг дэвсгэрт хатуу хараа хяналттай болгох үүднээс энэ өөрчлөлтийг тусгасан юм. Үүнийг 100 км байсныг 15 км болгочихлоо гэж “мушгих” шаардлагагүй.

Х

-Хил орчимд уул уурхай эрхлэх зөвшөөрлийг олгож эхлэх нь гэсэн шүүмжлэл багагүй гарч байна. Энэ үнэн үү?

-Хуучин бол хилийн шугамнаас 100 км доторх радиуст уул уурхай эрхлэх боломжтой байсан. Гагцхүү зөвшөөрөл л авдаг байсан юм. Одоо ч гэсэн хэвээрээ л байна. Урьд нь хориглосон байсан зүйлийг одоо нээж өгч байна гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл урьд нь ч хориглоогүй байсан. Тодорхой зорилгоор, бодлогоор ташаа ойлголт төрүүлж мушгиад байх шаардлагагүй гэж хэлмээр байна.

С.Сосоржав

Эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …