Манайхан “туйлшрах” дуртай ард түмэн гэнэтхэн л Гэрэлт зул өргөх ёслолд “автацгаасан”. Сүсэг бишрэлийн асуудал ч гэлээ, нөгөө утгаараа бизнес болтлоо хөгжсөн гэхэд нэг их хилсдэхгүй. 2500-3000 төгрөгийн үнэтэй гэрэлт зул нь 30-45 минут асаж хөөрч байгаад л эргээд унадаг “учиртай”. Харин Хятадад энэхүү гэрэлт зул нь 1,5 юань байдаг гэх. 500 төгрөгний үнэтэйгээр бөөндөж авч ирээд итгэл үнэмшил дээр тулгуурлан 5-6 дахин нугалж зардаг “аятайхан” бизнес.
Цөгцөнд өргөсөн зулны хамгийн бага хэмжээтэй нь 2,5-3 цаг асдаг ба зул өргөх нь өндөрт гарахаараа “хэмжигддэггүй” гэх. Хэн нэгний бурханд итгэх үнэмших асуудалд хяналт тавих гээгүй. Гэхдээ үүнийг бизнес болгож байгаа шашны “гарал үүсэлтэй нөхдүүд” дараа нь гарах уршигийн нь ойлгодог байх хэрэгтэй.
30-45 минут ассан гэрэлт зул бүрэн шатаж дуусахгүйгээр хог болон буцаж буудаг бөгөөд хэр их зул өргөсөн байна төдий чинээний хог тариад байна. Тариж байгаа хогонд ашгаа нэгэнт олсон хүмүүс нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаад байгаа нь харамсалтай. Зул өргөх ёслол хэмээн бурханд залбирахдаа ТҮК-ийн ажилчидад ихээхэн дарамт үүсгэж байгаа хэрэг. Тиймээс иргэд нь ч, шашны нэрээр наймаа хийж байгаа хэсэг нь ч хаана хаанаа хариуцлагатай баймаар байна. Ашгаа олсон хойно түүндээ дараа нь цэвэрлэгээний зардлаа ч шингээдэг баймаар санагдана.
Нэг нэгэндээ “гай” болж буян үйлдэнэ гэж юу байхав. Зулаа өргөдөг шигээ хариуцлагаа ухамсарладаг байя. Гудамжинд гарч байж гэрэлт зул өргөхөөр “зул өргөсөн” сэтгэл нь илүү байдаг юм бол ард нь гараад байгаа хогны асуудлыг нь шийдчихмээр байна. Буян болж байна гэж санаад алсуураа нүгэл болоод байгаа юм биш биз.
Хээр хөдөөний ёслол дээр ийнхүү хэдэн мянган гэрэлт зул өргөсөний дараа мал хогийг нь идэж хахах, орооцолдох, гэдэс нь хямрах асуудал гардаг тухай малчид халаглах юм билээ. Хотод бол орой нь буян мэт санагдавч өглөө нь хотоор нэг хөглөрөх хогтой тэмцэх иргэдийн бухимдлыг төрүүлж нүгэл болж байна. Ингээд бодохоор гэрэлт зул өргөх нь буян болж таарч байна уу, нүгэл болж таарч байна уу?
Б.Саран