-МАН-ын дарга “мах цусны тасархай”-гаа X богдоор тодруулахын тулд Далай ламыг урьсан уу-
Гэв гэнэтхэн, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд морилно гэсэн зар тарлаа. Хүмүүс үүнийг янз янзаар л хүлээж авсан. Хэн хүнгүй тавьсан асуулт бол “Хөөрхийдөө, ная гарсан тэр өндөр настныг өвлийн энэ дүн хүйтнээр, хямрал нүүрлэж ая тухаа алдсан Монголд хэн урьж, ямар хүмүүс авчирдаг байна аа?”гэсэн асуулт.
Үүнд хүмүүс хоёр янзаар хариулж байсан. “Далай багшийг Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц тэргүүтэн урьж, сүсэгтэн олондоо номын буян айлтгуулж байгаа юм гэнэлэй” гэх. Нөгөө хэсэг нь: “МАН-ын дарга М.Энхболд нялх балчир ачийгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Х Богдод тодруулахын тулд, эртнээс бэлтгэсээр байгаад Далай багшийг авчирч байгаа юм” гэх.
Манайхан ингэж ярилцсаар байтал дээрхийн гэгээнтэн Далай лам маань арваннэгдүгээр сарын 18-ны үдэш “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газарддаг байгаа. Далай ламд монголчууд хэзээний хүндэтгэлтэй ханддаг заншлаараа угтсан.
Олон монголчууд гайхаж байлаа. Сүсэгтэн хүний хувьд би ч гайхаж байсан. Урих, уригдах цаг мундаа биш дээ. Халуун дулаан орны ная гарсан настай хүнийг мичин жилийн хүйтний оргил үе буюу гадаа -47 градус хүрч байгаа нөхцөлд Монголдоо урьж ирүүлнэ гэдэг бодол хэний толгойд буув аа?! Ямар, үстэй дээл, цааны арьсан гутал өмсөнө гэх биш. Тэр хүйтнээр дан орхимжтой, гадаа мэндчилгээ дэвшүүлж зогсоно билээ. Арай дэндэж байгаа юм биш үү гэцгээв.
Хаана, хаанаа хэцүү байлаа. Далай лам нөмгөн нүцгэн явж байхад манай сүсэгтнүүд ямар байсан гээ. Хаашаа л хөдөлвөл цагдаад ээрүүлээд, Далай ламын морилсон газар болгонд бөөн дараалал, бээрсэн чичирсэн хүмүүс байлаа. Сүсэгтнүүд, Соёлын төв өргөөг хэдэн давхар бүслээд зогсчихсон, осгож үхэхийн даваанд тулж байв. Наян хэдтэй нэг буурай ордонд орж чадалгүй бээрчихсэн: “Мөн ч хайргүй орчлон юм даа” хэмээн үглэж байна билээ.
Үнэхээр л Далай ламыгаа залж, сүсэгтэн олондоо ном тавиулах гэсэн бол урин дулаан цагаар урьж авчраад, төв талбайдаа ч юм уу, Төв цэнгэлдэх хүрээлэндээ уулзуулж номын дуу сонсгоод, өөрийг нь айраг идээгээрээ аятай тавтай зочилж, тансаг сайхан газруудаараа аялуулж амраагаад буцааж болно шүү дээ. Тэгсэнгүй. Цаанаа нэг л битүү учир утгатай айлчлал болж өнгөрлөө. Нэр нь хамба лам Д.Чойжамцынх боловч нидэр дээрээ, улстөрийн зорилготой тун нууц асуудал байсан бололтой юм. Би, Д.Чойжамц хамбыг сайн мэднэ. Их буянч, ухаалаг хүн. Далай багшийгаа өвлийн дүн хүйтнээр авчраад “хөлдөөчихье” гэж бодох хүн биш. Цаанаа нэг л учиртай байж таарна.
Айлчлалын учир утга одоо бол бараг ил болж байх шиг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан шуугиан намжихгүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд хоёрын аль нэг нь нялх балчир хүүхдээ Х Богдод тодруулахаар Далай багшийг урьсан бололтой сэжиг тааврууд дүүрэн.
Манай урд хөрш БНХАУ-ын Засгийн газар Далай ламын айлчлалын өмнөөс эхлэн гурван ч удаа мэдэгдэл гаргаж, “Салан тусгаарлагчийг урьж айлчлууллаа” хэмээн Монголын төр засгийн тэргүүнүүдийг буруутгалаа. Тэр байтугай манай хоёр орны хооронд хийх дөрвөн удаагийн айлчлалыг цуцлалаа. Хамгийн эхэнд шадар сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийх айлчлалыг хүлээж авсангүй. Цаашдаа Хятадын талаас Монголд олгох хөнгөлөлттэй зээл, төрөл бүрийн тусламж дэмжлэг ч хумигдаж магадгүй гэнэ.
Хариуд нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Далай багшийн айлчлал улстөрийн ямар ч зорилгогүй. Гандантэгчинлэн хийдийн шугамаар Далай багшийг урьж, сүсэгтэн олон түмэндээ бурхны ном айлтгуулж байгаа юм” гэж учирлана билээ. Эрхэм дээдэс, биднийг хуурдаг шигээ Хятадын удирдлагуудыг хуурна гэвэл алдас болох биз.
Далай ламын Монгол дахь айлчлалыг хэн, юуны төлөө, хэзээнээс зохион байгуулаад байгааг биднээс илүү мэдэж, ойлгож байгаа байх л даа. Дээрхийн гэгээнтэн Далай ламын айлчлалыг төр засгийн өндөр дээд хэмжээнд эртнээс нууц бэлтгэсэн, гол зорилго нь Х Богдыг яаравчлан тодруулах арга хэмжээ байсан гэж дээр, дооргүй шуугилаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд хаалтын гэрээгээр “амаа бариулсан” ч шудрага дайчин хэвлэл мэдээллийнхэн учир шалтгааныг дэлгэн тавьсаар байна.
Манай нэрт сэтгүүлч, зохиолч Б.Галсансүхийн эрхлэн гаргаж байгаа “Ноцтой мэдээ” сонинд “М.Энхболд өөрийн мах цусны тасархайг Х Богдоор тодруулахын тулд Хятад улстай дайн хийхээс ч буцахгүй нь ээ” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн байна. Түүнд дурьдахдаа: …. Далай ламыг энэ жил Монгол оронд авчрах асуудал нэг жилийн өмнө Дарамсалад яригдан шийдэгджээ. Түүнийг Монголд залан ирүүлэх ажлыг МАН-ын дарга М.Энхболд санаачлан гардаж зохион байгуулсан юм байх. Тэрбээр өөрийн мах цусны тасархайг Х Богдоор тодруулах хүсэлдээ бүрэн автсан учраас Хятадын дарамт шахалтаас огт айхгүй ингэж зориглон хөдөлж байгаа юмсанж.
Хүн эрх мэдлийн амтанд шунан дурладаг гэдэг үг үнэн болохыг М.Энхболд өөрийн биеэр нотолж байгаа нь энэ бөгөөд IX Богдын хойд дүр байж мэднэ хэмээн сонгогдсон таван хүүхдийн нэг нь түүний ганц хүүгийн хүү буюу ач нь юм байна. Ачаа Х Богдоор тодруулж Далай ламаар батламжлуулаад өөрөө Ерөнхийлөгч болж, Монголын ард түмнийг шашин, төрийн эрх мэдлээр хослуулан захирна гэсэн мөрөөдөлтэй яваа түүнийг айх ичих булчирхайгүй хүн гэхээс өөр хэлэх үг, арга алга” гэсэн байх юм. Ийм өнгө аястай мэдээллүүд ар араасаа цуварсаар байгаа.
Үүнийг баталгаажуулах мэт Далай лам маань “IX богдын хойд дүрийг тодрууллаа” гэчихээд л яваад өглөө. Хаана, хэнтэй уулзаж яаж тодруулсан нь маш нууц! Уул нь аливаа богд, хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулсан л бол зарладаг шүү дээ. Тэдний, төдөн настай, тэр гэгч хүүхэд тодорлоо гээд сүсэгтэн олон түмэнд зарладаг. Зарим тохиолдолд хэрхэн яаж тодорсныг хэлж ярьж өгдөг л дөө. Гэтэл Далай лам маань, дээрээсээ их дарамтанд байгаа бололтой битүү хатуу үг хэлчихээд яваад өгч байгаа нь нэг л сонин байгаа юм.
Далай лам замд гарахын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Түүндээ: … Би өөрөө IX Богдыг жаахан байхаас нь мэддэг байсан учир хойд дүр тодруулах нь миний гарцаагүй үүрэг болж ирсэн. IX Богд Жавзундамбын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж тэмдэг илэрсэн.
Гэхдээ жаахан хүүхэд байгаа учраас одоохондоо нийтэд тодорхой зарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна… хэмээн айлдлаа. “ Дөрөв таван нас хүрэхээр нь зарлах юм бол адилхан нялх балчир хүүхэд шүү дээ. Одоо зарлахдаа юунаас нь эмээгээд байгаа юм. Эрх баригч намын даргын ач болоод зарлаж болохгүй байна уу? Тэгвэл энэ хүйтэн жиндүү өвлөөр яах гэж амь тэмцэн ирсэн юм? Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөчихөөд урин дулаан цагаар морилон ирж, сүсэгтнүүдтэйгээ золгож, Х Богдоо тодруулан зарлаж болоогүй юм уу?!” гэж хүмүүс ярьцгааж байна л даа.
Аливаа нууцалсан зүйл заавал сэжиг таавар дагуулдаг. Хүмүүс янз бүрээр хардах тал бий. Иргэн хүнд хардах эрх байж болно. Энэ удаад олон түмэн Далай ламынхаа яаруу бачуу айлчлалыг нэлээн дээрээс зохион байгуулсан, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой айлчлал гэж хардаад байгаа юм.
Шуудхан хэлэхэд өнөөдөр нам, төрийн эрхийг зангидан атгаж байгаа Миеэгомбын Энхболд гэж хүн Далай багшийгаа ч, сүсэгтэн олон түмнээ ч бодолгүй “хувийн тоглолт” хийчихлээ гэж хардаад байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэр бүлийнхээ хүрээнд Х Богдыг тодруулах, түүнээ Далай багшаар баталгаажуулахын тулд, олон улсын байдал, гадаад харилцаа ч хамаагүй урьчихлаа гэж хүмүүс яриад байгаа нь ор үндэсгүй хардлага биш болов уу гэж бодож сууна.
Энэ асуудал, бүр жилийн өмнөөс бэлтгэгдсэн, нэлээн ужиг урхаг зүйл юм уу гэж бодоход хүргэж байгаа. М.Энхболд маань багын найз, нэг довон дээр эрхэлж өссөн Ц.Мөнх-Оргилыгоо яаравчлан Гадаад харилцааны сайдаар зүтгүүлэн, гадаад харилцааны бүх эрх мэдлийг атгуулж байсан нь ч, үүнтэй холбоотой байж болох юм.
Монголын гадаад харилцаа гэдэг ч “унтарлаа” шүү дээ. Тэр элчин сайдуудын томилгоог хардаа. Ялагдсан намын дарга М.Энхсайханыгаа гуйж авчраад Шведийн вант улсад Элчин сайд болгож ч байх шиг. Өнөөх, намаа ялагдахаар зугтаагаад явчихдаг, ялах болохоор нь инээж хөхрөөд хүрээд ирдэг С.Баярыгаа Англид Элчин сайдаар явуулж ч байх шиг. Бүгд хувийн тоглолт. Тэгээд, олон жил яригдсан Далай багшийнхаа айлчлалыг -47 градусын хүйтнээр эх орондоо урьж зочлуулан хөрш гүрнийхээ дургүйг хүргэж байх юм. Хятадууд чинь бид биш, бүх зүйлийг мэдэж байгаа. Далай багш морилон ирээд сүсэгтнүүдэд ном айлдчихаад буцахад тэгтлээ хилэгнэхгүй байх.
Далд нууц зорилгыг нь мэдээд л гурван удаа эсэргүүцэл илэрхийлээ болов уу гэж бодож сууна. М.Энхболд , Ц.Мөнх-Оргил хоёр найз цаашид гадаад харилцаагаа яаж самрах юм, бүү мэд. Уул нь энэ цөвүүн цагт, манай улс хоёр талынхаа том хөршүүдтэй тангараг тасрахгүй, хэл амаа ойлголцож явбал зүгээр юмсан. Дэлхий хөрвөөгөөгүй цагт Монгол гэдэг улс яах аргагүй энэ хоёр хөршөө түшиж, энэ хоёр их ард түмэнтэй жаргал, зовлонгоо хувааж амьдарна. Нэг удирдагч гарч ирээд л хувийн ашиг завшааны төлөө бусад улс гүрэнтэй эвдрэлцээд байж болмооргүй байна.
Өнөөдөр харваас бүх зүйл Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэгдэж. Манай намын дарга Миеэгомбын Энхболд гэж хүн нам, төрийн бүх эрх мэдлийг атгаад Ерөнхийлөгч болох хүсэлдээ “шатаж” яваа нь нууц биш. Нэр хүндээ өсгөх бүхий л аргыг хайж байгаагийн нэг нь энэхүү “сэжигтэй” айлчлал юм болов уу даа. Гэхдээ ард түмэн дүнгээ яаж тавьдгийг түрүүчийн сонгуулиуд харууллаа. Ардчилсан нам Р.Амаржаргал, Лу.Болд нарын хүчтэй лидерүүдээсээ сойж, МАХН Н.Энхбаяраа ч юм уу, аль нэг нэр цэвэр улстөрчөө дэвшүүлбэл “Х Богдын өвөө” их л хол хоцорч мэдэх юм даа!
МУСГЗ, сэтгүүлч Г.Жамъян