“Оюутны хөгжлийн зээл”-ийг “Төрийн банк”, “ХААН банк”, “Голомт банк”, “Улаанбаатар хотын банк”, “ХАС банк”, “Капитрон банк”-уудаар дамжуулан олгох зээлийн гэрээг байгуулах арга хэмжээ БСШУСЯ-нд боллоо. Тус зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй. Суралцагч сургуулиа төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл байх юм.
Арга хэмжээнд БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр, Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, банкуудын удирдлага, төлөөлөл бүхий холбогдох албаны хүмүүс оролцлоо. БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох зээлийн үйлчилгээг бий болгох зорилт тусгагдсан. Энэ хүрээнд сургалтын төлбөрийн дарамтгүй болгох “Оюутны хөгжлийн зээл”-ийн үйлчилгээг бий болгохтой холбогдуулан УИХ-аас Тусгай сангийн тухай хууль, Дээд боловсролын удирдлага, санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд холбогдох зохицуулалтуудыг бий болгож, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, “Боловсролын зээлийн сан”-г байгуулж, зээлийн журмыг батлаад байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно” гэсэн зорилт ажил хэрэг болж байгааг дуулгахад таатай байна. “Боловсролын зээлийн сан”-гаас гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгох ажлыг эхлүүлээд байна” гэв.
“Оюутны хөгжлийн зээл”-ийн үйлчилгээ бий болж байгаа нь оюутан суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүйгээр амжилттай суралцах, төгсөөд ажилтай, орлоготой болох хариуцлагыг бий болгох, өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
2016-2017 оны хичээлийн жилд 70 гаруй мянган оюутан хамрагдах боломжтой. Зээлийн эх үүсвэрт 2016 оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны Улсын төсвийн тодотголд 110 тэрбум төгрөг шийдвэрлэгдсэн. Зээлийн эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийх бөгөөд Боловсролын зээлийн сан 2020 оноос эхлэн улсын төсвийн санхүүжилтгүйгээр, оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг тогтвортойгоор тасралтгүй зохион байгуулна.
БСCШУЯ