Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Тус зөвлөл Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг хүлээнэ.
Тухайлбал эдийн засаг, банк, санхүүгийн тогтолцоонд тулгарч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тогтвортой өсөлтийг хангах, макро эдийн засгийг тогтворжуулах, бизнес, хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зэрэг чиглэлээр оновчтой арга зам, арга, хэрэгслийг тодорхойлон, санал боловсруулж Засгийн газарт танилцуулж байх юм.
Орон тооны бус Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахлах бөгөөд гишүүдэд Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Банкны холбоо, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС зэрэг байгууллагын төлөөлөл багтсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.