Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан асуудал болон яригддаг олон зүйл бий. Түүний нэг нь цэцэрлэгийн насны багачуудыг авах улсын цэцэрлэгийн асуудал юм.
Энэ жил ч мөн цэцэрлэгт хүүхдээ оруулах гэсэн эцэг эхчүүд ихээхэн бэрхшээлтэй учирч байгаа гэнэ. Сүүлийн судалгаагаар улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 100 орчим мянган хүүхэд байгаагаас өнөөдөр ердөө 70 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа ажээ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд цаана нь олон байгаа ч тэр бүр цэцэрлэгийн олдоц муу байгаагаас гэртээ үлдэх нь цөөнгүй байгаа юм.
Иргэдийн олонх нь хямд үнэтэй байдаг учраас улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх хүсэлтэй байдаг. Гэвч хүүхдээ цэцэрлэгт оруулах нь бэрхшээлтэй асуудлын нэг болсныг эцэг эхчүүд дуулгаж байна. Хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх хүсэл байдаг ч өндөр төлбөртэй учраас тэр бүр иргэд хүүхдээ өгч чаддаггүй ажээ. Иймээс улсын цэцэрлэгт хүүхдээ оруулах сонирхолтой байдаг.
Нийслэл хотод цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байгаагаас гадна зарим аймгуудад ч хүнд байгаа гэж албаныхан мэдэгдэж байна. Баянхонгор аймагт гэхэд 30 цэцэрлэг байдгаас 5000 гаруй хүүхэд тус цэцэрлэгүүдэд орох сонирхлоо илэрхийлсэн нь аж. Иймд Баянхонгорт цэцэрлэгийн багтаамж хүнд байгаа ажээ.
Цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас зарим улсын цэцэрлэгийн багш нар эцэг эхчүүдээс хандив авах, хахуулын мөнгө нэхэх үзэгдэл ч гарах болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Нийслэлийн нэгдүгээр хороолол орчмын цэцэрлэгийн удирдлагуудын хахуулын ханш 170.000, цаашлаад 200.000 төгрөгийн ханштай байгаа гэнэ.
Харин орон нутагт хахуулын мөнгөний ханш нэмэгджээ. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын улсын зарим цэцэрлэгийн багшийн хахуулын мөнгөний ханш 350.000 төгрөг хүртлээ өссөн мэдээллийг эх сурвалж өглөө. Арвайхээр хотын улсын цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд хоёр багшид нь 350.000 төгрөг хувааж өгөх шаардлага гарчээ. Дээрх мөнгийг төлөөд хүүхдээ цэцэрлэгт өг гэсэн “шантаач”-ыг тавьжээ. Иймээс цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд хахуулын мөнгөний эрэлд гарсан эцэг эхчүүд ч цөөнгүй байгаа юм байна.
Засгийн газар, УИХ-ын зүгээс цэцэрлэгүүдийн тоог нэмэх, “Гэр цэцэрлэг” төслийг хэрэгжүүлэх, хуулийн төсөл боловсруулагдаж байгаа ч амьдрал дээр хараахан ажил болоогүй байна. Иймээс энэ жил ч мөн олон хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй, хүйтэн гэртээ өвөл, хаврын хүндийг туулах болж байна. Цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд цэцэрлэгийн багш, удирдлагуудад өгдөг хахуулын мөнгө ийнхүү жилээс жилд өсөн өндөрөө авч буй ажээ. Харин энэ асуудалд БШУЯ болоод салбарын сайд Л.Гантөмөр эрхэм ямар ажил хийж буй нь хараахан мэдэгдээгүй байна. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр та цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд төлөх хахуулын мөнгөний ханш 350.000 төгрөг болсоныг мэдэж байна уу.
Т.Түвшин
Ugluu.mn