Эрх мэдэл үү, эдийн засаг уу

Монгол Улсыг санхүүгийн хувьд дампуурсан, түүнийгээ зарлах л үлдсэн гэж гадаад ертөнцөд үзэж буй бололтой. Улс орнуудын санхүүгийн чадавхыг үнэлдэг нэр нөлөө бүхий байгууллагууд цувран, Монголын зээлжих зэрэглэлийг бууруулав. Саяхан (арваннэгдүгээр сарын 18-нд) “Moody’s” Монголын Засгийн газрын бондыг өндөр эрсдэлтэйгээс (B3-highly speculative) бодит (Cаа1-substantial risk) ангилал руу доошлууллаа.

Монголын Засгийн газар ирэх хоёр жилд гадаадын шууд ба шууд бус өрөө төлөх, гадаад төлбөр тооцоогоо хэвийн үргэлжлүүлж чадах, эсэх нь улам бүр тодорхойгүй болсон, мөн эдийн засгийн өсөлт нь суларч, төсвийн орлого багасах тул алдагдал нь тэлж, Засгийн газрын өрийн ачаалал маш их нэмэгдсэн гэж тэд шалтгаанаа тайлбарлав. Үүнд нөлөөлж болох хүчин зүйлүүд харилцан тэнцвэржих учраас энэхүү бууруулсан зэрэглэл нь өөрөө тогтвортой төлөвтэй гэжээ.

Үнэхээр ч гадаад өрөө төлөхийн зэрэгцээ төсвийн алдагдлаа бууруулж чадах, эсэхээс Монгол Улсын ойрын ирээдүй ямар байх нь хамаарна. Бид гадаадад борлуулж болох ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр бий болгох, бас нүүрс, зэс, алтаа их хэмжээгээр экспортолж чадах, эсэхээс эдийн засгийн төлөв тодорхойлогдох юм.

Өрийн бүтцээ өөрчлөх боломж хумигдсан, гадаадаас хөрөнгө орж ирэх боломж хомсодсон, ер нь сонголтгүй шахам энэ цаг үед асуудлын гол нь Ж.Эрдэнэбатын Засгийн газарт дээрх ажлыг хийх боломжийг нам нь олгох эсэх, олгосон ч тэр хийж чадах уу, үгүй юү гэдэгт л байна.

ЗАСГИЙН ГАЗАРТ БОЛОМЖ ОЛГОХ УУ

Эдийн засгийн хямралаас улс орноо авч гарах, цаашлаад ардчилал, зах зээлийн үнэт зүйлийг бэхжүүлэх түүхэн чухал үүрэг МАН-ын өмнө тулгараад буй юм. Хэдийгээр өнгөрсөн сонгуулиар УИХ-ын суудлын наян таван хувийг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулсан ч, энэ сонгууль бол Монголын ард түмэн Ардчилсан намаас зугтсан сонголт байсныг тэд санах учиртай. МАН-ын, улс төрийн мэдлэг, туршлага бага, нэр, үйл нь тэр бүр танигдаагүй, олон арван шинэ гишүүн парламентад орж ирснийг хэвлэлүүд мэдээлсээр байна.

МАН Засгийн газраа байгуулж, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилов. Хэл ам дагуулсан улс төрийн томилгоо нам дотроо хийж, “Мэргэжлийн Засгийн газар”-аа харьцангуй богино хугацаанд бүрдүүллээ. Шинэ Засгийн газар мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулж, ажлаа шаргуухан эхлэв. Гэвч гадаад, дотоод өр нь төлж чадахгүйд хүртэл томорч, зөвхөн зээлийн хүү нь гэхэд төсвийн орлогын дөрөвний нэгийг залгих боллоо. Ийм үед Засгийн газар ямар ч үнээр хамаагүй их хэмжээний зээл, тусламж олох “ав”-д мордов.

Хамгийн түрүүнд Хятадаас дөрвөн тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээл авахаар бараг тохироод байсан ч арваннэгдүгээр сарын дундуур Далай лам айлчилснаас болоод тус улсын Засгийн газар бүх уулзалт, гэрээ хэлэлцээрийг хойшлуулж орхилоо.

Олон улсын валютын сангаас (ОУВС) авах “Стэнд бай” хөтөлбөрийн зээл Цагаан сар дөхөх үед л бүтэх бололтой.

Мөн энэ сарын эхнээс хятадууд хилийн хураамж, төлбөрөө нэмсэн учир ганц найдлага тавьж байсан “Оюутолгой” компани экспортоо зогсоогоод байна. “Эрдэнэс Тавантолгой” компани өмнөх өрөө төлөх гэрээнээс болоод нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээс тав дахин хямд экспортолж, төсөвт нэмэр болохгүй байгаа. Тэгээд ч Хятадын боомтын нэвтрүүлэх чадал, чадвараас хамаарч, нүүрс ачсан машины хориод км үргэлжилсэн цуваа дэлхийн хамгийн урт түгжрэлийг үүсгээд гацчихсан байдаг. Зөвхөн уул уурхайн салбарт орж ирж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг бүрэн зогсчээ.

Тэгвэл энэ хүнд нөхцөлд бидэнд тулах юу үлдсэн бэ? Төр, засгийн тогтвортой байдал чухал. Үүний баталгаа нь нэг намын эрх мэдэл бүрэн төвлөрсөн парламент, байгуулсан Засгийн газар нь юм. Гэтэл Засгийн газраа огцруулах, эсвэл хэдэн сайдыг нь солих яриа УИХ дахь МАН-ын гишүүдийн дунд сонсогдох болов. Ямар ч үнээр хамаагүй сайд болохыг санаархсан шинэ, хуучин гишүүд Засгийн газраа солиод байхаар юу болдгийг төр барьж байгаад сөрөг хүчний хэмжээнд ч очиж чадаагүй АН-ын жишээнээс уг нь хармаар.

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт эхэлсэн ажлаа гүйцээх боломж олгохоос өөр ямар сонголт УИХ-д байгаа юм бол оо.

ЗАСГИЙН ГАЗАР ХИЙЖ ЧАДАХ УУ

МАН засгийн эрх авснаасаа хойш энэ их өрөнд оруулсан гол буруутан нь Ардчилсан нам гэдгийг ихэвчлэн ярьж ирсэн ч, яг үнэндээ төр засгийг МАН, АН хоёр хамтран барих үедээ л зургаан тэрбум америк долларын бонд гаргахыг Засгийн газарт зөвшөөрсөн шүү дээ. Оройтсон ч гэсэн МАН үглэхээ зогсоож, ажилдаа саяхнаас ашгүй орж эхлэв.

Хямрал бол алдаагаа засах ховорхон боломж. Яг энэ цагт төр засаг улс төр, эдийн засгийн байгууллуудаа бэхжүүлэн, бүх хүнд ижил тэгш үйлчилдэг (inclusive) болгох ёстой. Зөвхөн нам дамжсан бүлэглэлд (extractive) үйлчилдэг сүлжээг таслан зогсоож, нийтийн хөрөнгийг завшсан этгээдүүдэд хатуу шийтгэл хүлээлгэх шаардлага тулгараад байна. Улс төрийн байгууллуудын шинэчлэлийг өөрийн намаас эхэлж, намынхаа эд хөрөнгө, санхүүгийн тайлангаа ил тод болгон, хөндлөнгийн аудитаар баталгаажуулан нийтэд зарлах ёстой.

Мөн зах зээлийн зарчмыг бүрэн хэрэгжүүлж, бүх үнийг чөлөөлөх (зөвхөн цахилгааны үнийг нийлүүлэлтийн сонголт бий болгох замаар шатлан чөлөөлөх), чөлөөт өрсөлдөөн бий болгож, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүхий л боломжийг бүрдүүлэх, төрийн өмчит компаниудыг ээлж дараалан хувьцаат компани болгох, шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулах хэрэгтэй байна.

Монголбанк Засгийн газраас хараат бус ажиллах үүргээ чанд биелүүлэх, долларын интервенцээ зогсоож, Засгийн газрын үнэт цаасыг борлуулахад оролцохгүй байвал арилжааны банкууд зээл олгохоос өөр сонголтгүй болно. Засгийн газрын үнэт цаасыг зөвхөн хөрөнгийн биржээр борлуулж байж л зах зээлийн бодит үнэ нь тогтоно.

Макро эдийн засгийн энэ бүх өөрчлөлтийг харин Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хийх зориг эрмэлзэл, хүч чадвар байгаа болов уу?

Ямар ч гэсэн аль нам гэдгээс үл хамаарч, Монгол Улсын Засгийн газар өнөөгийн хямралын өмнөх алдааг засаж, шинэ дэвшилд хүрэх суурь тавих боломж гэж үзэх нь зүйтэй юм.

Харин энэ цаг үед УИХ нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэж тоглох ёсгүйтэй адил Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч алдаатай алхам хийж, цаг алдах учиргүй.

Нийтлэлч Д.Жаргалсайхан

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …