Гадаадад эмчлүүлэх иргэдийн урсгалыг бууруулахаар ажиллаж байна

“Гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай өвчнийг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр ЭМЯ дээр болж байгаа бөгөөд эрхзүйн орчинг шинэчлэх, санхүүжилтийг оновчтой болгох гарцыг тодорхойлж, шинэ технологи, оношилгоо, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэхэд гадны улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлж байгаа өвчний тоог бууруулах, иргэдэд учирч байгаа санхүүгийн бэрхшээлийг багасгахад бид ихээхэн анхаарч, ард иргэдээ эх орондоо бүхий л эмчилгээ оношилгоонд хамрагдах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Ингэхийн тулд төв эмнэлгүүдэд шинээр тоног төхөөрөмж авах, шинэ технологийг нэвтрүүлэх, түүнийгээ дагаад боловсон хүчнийг бэлтгэх шаардлага гарч ирж байгаа юм. Тиймээс бид өнөөдрийн хэлэлцүүлгээрээ уг асуудлуудыг харилцан ярилцаж, тодорхой шийдвэрүүдийг гаргахаар цуглаад байна гэв.

Манай улсын эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээ дэлхийтэй хөл нийлж, эрхтэн шилжүүлэх, тархи мэдрэл, зүрх судасны нарийн ур чадвар шаардсан мэс заслуудыг нутагшуулан амжилттай хийж байгаа хэдий ч хүн амын дунд цөөн тохиолддог өвчлөлийг эмчлэх нөхцөл нь бүрдээгүй байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдын багцад 500 сая төгрөгийг төсөвлөж, зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн иргэдийн эмчилгээний зардлаас холбогдох журмын дагуу 5 хүртэлх хувийг олгодог юм.

Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны удирдлагууд, УИХ-ын Байнгын хороод, Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгэм, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …