Агаарт гарах бус агаарт орох цаг ирж. Нийслэлчүүд агаарын маш хортой нөхцөлд амьдарч байна. Амьдрахаас өөр аргагүй байдалд орсон учраас өдөр хоногийг өнгөрүүлж байна гэсэн үг. Эмч мэргэжилтнүүд агаарт хүүхдүүддээ гаргая гэвэл хотоос зайдуу очиж /80-100 км/ агаарт гарах нь утаагүй хэмээн үзэж байна. Хэн бүхэн хотоос холдож ирээд л үр хүүхдүүдээ агаарт гаргах боломж бий юу. Долоо хоногт нэг л өдөр амардаг бол гэр орноо цэвэрлэх, хувцас хэрэглэлээ угаах ажлаасаа “босохгүй” байсаар дуусна. Хэзээд нь үр хүүхдээ агаарт авч явах вэ.
Харин орчин үеийн залуус үүнийг агаарт гарах биш агаарт орох гэж томъёолдог болж. Учир нь гэртээ агаар цэвэршүүлэгч, хүчилтөрөгчийн аппарат авч хэрэглэдэг болсон гэнэ. Учир нь гараад хордож үхэх гээд байгаа хойно гэртээ цэвэршүүлэгчтэй байх нь илүү дээр гэнэ. Гэхдээ л ямар ч сайн техник байгаад байгалийн цэвэр агаарыг гүйцэхгүй нь ойлгомжтой.
Эх нялхасын эрдэм шинжилгээний төв, зарим өрхийн эмнэлгүүдэд хүүхэд болон насанд хүрэгчид амьсгалдаг хүчилтөрөгчийн аппаратыг үнэ төлбөргүй ашиглуулж байгаа гэнэ.
Гадуур гарахдаа маск зүү, хүүхдээ өндөрт өргөж яв, аль болох бүү гар гэхээс өөр дорвитойхон зүйлийг хэлж чадахгүй байгаа хотын удирдлагууд гэр хорооллын айлуудыг гал түлүүлэхгүй байж чадахгүйгээс хойш одоохондоо үүнийг л хийж байх шиг.
Уг нь энэ жил утаанд зориулж таван тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэвч одоогоор яг хийсэн гарт баригдах зүйл алга. Дам сураг сонсохнээ урд хөршөөс их хэмжээний, дунд зэргийн шүүртэй маск бөөндөж байгаа сурагтай. Үүнийгээ эмзэг бүлгийн айл өрхүүдэд үнэгүй тарааж, ажилтай орлоготойд нь 3000 төгрөгөөр өгөх төлөвлөгөө ч гаргачихсан гэж дуулдана.
Үүнд нь иргэд мөн л бухимдсаар. Аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаан дээр маскны бизнес хийлээ гэх иргэд ч цөөнгүй. Сургаар нь уурсах иргэдийг яах бол? Хэн нэг наймаачин яваад олоод ирэх юм бол өнөөх маскыг нь 1800-200-д л “олоод” ирнэ гэнэ.
Энэ мэт төрийн ажил үйлчилгээ гэхээрээ л үнэ ихтэй, удаан, төсөв төлөвлөгөө яриад 7-14 хонодог байх юм. Өнөөдөр тараагаагүй маск энэ сардаа багтаж тараагдах болов уу. Улам л хордоод байгаа иргэдийгээ, нэг өдрийн, нэг цагийн өмнө ч гэсэн маскыг нь зүүлгэхээр хурдхан “хөдлөж” болдоггүй юм байхдаа. Шахааны маск нь утаанаас хамгаална хэмээн итгүүлж байгаа хойно хурдхан шиг “шахчихаасай” билээ. Итгэсэндээ эрүүл болчих ч юм билүү хэн мэдлээ.
Б.Саран