Монголын ард түмэн төр барих эрхэмүүддээ итгэл хүлээлгэн сонгуулиа өгсөн. Сонгуулиас гарах шийдвэрийг амьдралд ойр, хүртээмжтэй, хэрэгцээтэй байна хэмээн “итгэсэн”. Гэтэл өнөөдрийн байдлаар засаг барьж байгаа нам нэр сольж, утга өөрчлөхөөс өөр дорвитойхон ажил хийхгүй байгаад иргэд сэтгэл дундуур байна. Ардчилсан намын үед ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгийг сайжруулж 10-15 сая төгрөгийн үнэ бүхий үзэмжтэй, үйлчилгээ явуулахад тохиромжтой болгох үүднээс цэгцэлсэн. Тухайн үедээ наймаа хийж байгаа хүмүүст томоохон дарамт болон зээл авч ТҮЦ-ээ янзлуулсан.
Ингэж янзлаад хоёр жил ч болоогүй байхад өнөөдрийн эрх баригчид дахин сольж шилэн ТҮЦ тавиулах юм гэнэ. Үнэндээ түцээр үйлчлүүлж байгаа хүмүүст шилэн байна уу, модон байна уу хамаагүй. Харин дотор нь зарагдах бүтээтэгдэхүүнүүд нь хугацаа хэтрээгүй, чанартай байхад л болж байгаа хэрэг. Гэтэл иргэдэд анхан шатны дэлгүүрийн үйлчилгээг ойртуулж байгаа ТҮЦ-ийг дахин “ад үзээд” эхлэв. Дотроо ОО-той болгоно гэнэ. Дотроо таван алхам ч хүрэхгүй газар “хүндэрчихээд” иргэдэд бараа зараад байвал харин ч бүүр хэцүү санагдана. Үнэр, эрүүл ахуйн байдал, нөгөө барааны чанарт шууд нөлөөлнө.
ТҮЦ-ийг “ад үзэж” байгаа шалтгаан нь хүнсний боловсруулсан бүтээгдэхүүн болох хуушуур, пирошки, өндөг, кембаб зарж байна гэх. Үнэндээ иргэд аль болох ойрын ТҮЦ-нээс “хам хум” хооллоод л өнгөрч байгаа. Хүн бүр ресторанд ороод үнэтэй хоол идээд байх “тэнхэлгүй” амьдарч байна. Харин мэргэжлийн хяналтынханы үзэж байгаагаар ийнхүү хүнсний зарим бүтээгдэхүүнийг хориглосон гэх. Үнэндээ энэ шийдвэр нь амьдралтай нийцэхгүй байна. Хэрэглээ байгаа газар зөв зан үйлийг нь хэвшүүлэх нь илүү чухал ч юм шиг. Яг үнэндээ ТҮЦ-нээс авсан хуушууранд 20-30-аараа хордсон тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эдийн засаг хямарсан энэ үед ТҮЦ ширхэгийн тамхиар “амиа зогоож” байгаа нь нууц биш. Гэхдээ сургуулийн ойр орчим хуулиараа зарахгүй байгаа харагддаг.
Гэтэл түцний наймаа эрхлэгчдийг дарамталж байгаа энэ шийдвэр нь “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй” гэдэгтэй агаар нэгэн. ТҮЦ бор байна уу шилэн байна уу иргэдийн худалдан авалтанд тийм ч чухал бус. Тиймээс нэр, өнгө зүс өөрчлөхөөс өөр дорвитойхон зүйлийг энэ төрийн удирдлагууд хиймээр байна гэх иргэд олон.
Тамхины тухай хуулийг санаачлагч нь төрийн ордон тамхи татаснаар энэ хууль иргэдэд үнэгүйдэж эхэлсэн. Ордонд татаж болж байхад яагаад гадаа болохгүй гэж иргэд “эгдүүцсэн”. Энэ мэт “дээрээ гүйдлээ олохгүй байхад доороо хэрхэн олох” билээ. Магадгүй шилэн ТҮЦ-ны ард томоохон бизнес байхыг үгүйсгэхгүй.
Мөн ТҮЦ хэт олон байна гэх. Тоонд нь таарсан зөвшөөрлөөсөө илүү гаргаж өгсөн болохоор л булан бүрт ТҮЦ байгаа хэрэг. ТҮЦ-ны зөвшөөрөл нэг хэсэг тодорхой ханштай байсан. Ажил олдохгүй иргэд амиа зогоох гэж ТҮЦ зээлээр хийлгэж, зөвшөөрөл “худалдан авч” байрлуулж байхад, одоо өнгө загвар нь хуучирсан гэх. Үнэндээ шинээрээ шахуу л харагдаж байна. Ядаж арван жилийн дараа зээлээ төлж хэсэг ашиг олох байх. Гэтэл иргэдийнхээ халаасыг тэмтэрч шилэн болгох шаардлага ч байхгүй санагдана. Үнэндээ амьдрал дээр Шилэн ТҮЦ-нээс ч тамхи зарна, Эко ТҮЦ-нээс ч архи зарна. “Ингэж байж” л иргэд чинь амьдарч байна. Худалдан авч байгаа иргэдэд ТҮЦ нь шилэн байна уу, модон байна уу нөлөөлөхгүй. Нийслэлд байгаа 1132 ТҮЦ-ийг тайван байлгаач.
Б.Саран