Сүлжээний бизнесийнхэнд “Мэргэжлийнхэн” хяналтаа тогтооё

Сүлжээний бизнес дахин цэцэглэж байна. Нэг хэсэг хүчээ авч байсан энэ бизнес өндөрлөгт гарч нэг л “унадаг” аюултай. Төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг шууд худалдаанд иргэдийн хүчийг ашиглан борлуулалт хийх нь элбэгшиж. Хятадын, Америкийн, Оросын, Швейдын гэх мэт маш олон сүлжээ бий. Дэлгүүр лангуунд бараа худалдаж сууснаас хүмүүсийн хүчийг ашиглах нь борлуулалтанд илүү байдаг бололтой.

Энэ бүх танилцуулж орой бүр телевизээр гарч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байршиж байгаа бараанд манай улсаас хяналт тавьж байгаа юу?

Мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн яам, стандардчилал хэмжил зүйн газраас “болно болохгүйг” нь хэлэх хэн нэг мэргэжилтний анхааруулга, сануулга, сэрэмжлүүлэг байна уу? Ид шидийн мэт бүтээгдэхүүнийг амьдрал “аврагч” мэтээр сурталчилах нь хэр бодит вэ? Мөнхийн рашаан мэт тайлбарлан таниулах бараанаас нь хохирон үлдсэн иргэд бий юу? Энэ мэт олон асуулт эзнээ хүлээх зуур олон нийтийн сүлжээгээр “супер ид шидтэй” бараанууд борлуулагдсаар л байна. Хүн бүрийн биеийн онцлог, альваа зүйлийг хүлээн авах байдал зэрэг нь өөр. Гэтэл ам дамжуулан энэ сайн, би эдгэрсэн гэх мэтээр бие биедээ сурталчилж ядарсан иргэдийн халаасыг “тэмтэрч” байгаа нь хэр бодит үр дүнтэй вэ?

Цалингаас цалингийн хооронд амьдрах манай иргэдэд элдэв бараа танилцуулан “итгүүлж” өрөнд ороход хүргэдэг нь сүлжээний бизнесийн гол зарчим болж. Тухайн сүлжээнд элсэн орж ид шидийг худалдаж авахын тулд 200, 300, 520, 700 ам.доллар төлнө. Нэг удаа гаргаж байгаа ч гэсэн доллароор худалдаа хийх хүртлээ бид баяжив уу?

Уг нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаадын валютаар худалдаа хийхийг хориглосон байдаг. Харин энэ “тэдэнд” хамаагүй мэт. Ам уралдан сайшаах бүхнээс хол баймаар. “Худалч хүний нээрээ нь олон” гэдэг байхаа. Сүүлийн үед ууж иддэг бүтээгдэхүүн бүүр “хүчээ авч” амруугаа цацдаг болж. Цацаад л эдгэрээд, цацаад л хөлд ордог гэх. Өвчтэй зовлонтой хүний сэтгэл зүйгээр тоглож байгаа хэрэг биш үү? Үнэхээр эдгэрсэн эсэхийг нь мэдэхгүй ч эдгээр бараа бүтээгдэхүүнд шинжлэх ухааны үндэслэл байна уу, цаашид хэрэглээд байх нь зөв үү, буруу юу гэдгийг албаныхан тодруулж өгөөч.

Цагдаагийн ерөнхий газраас элдэв сүлжээнд автаж мөнгө, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг уриалсан сэрэмжлүүлэг ихээхэн гардаг. Бусад мэргэжлийн байгууллагууд болох Улсын мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн яам, Стандартчилал хэмжил зүй зэрэг байгууллагууд үүнд хариулт өгөөч. Иргэд нь хохирсон хойно нь “хашгирах” биш өмнө нь судлаад болох, болохгүйг нь тогтоочихдог баймаар санагдана.

Б.Саран

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …