“МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-уудад тусгай зөвшөөрөл олголоо

Санхүүгийн зохицуулах хороо шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээрээ анхны ээлжит хуралдаанаа өчигдөр хийлээ. Хуралдаанаар нэр бүхий Хадгаламж зээлийн хоршоод, Банк бус санхүүгийн байгууллагууд болон даатгалын хохирол үнэлэгчдэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгох, сунгах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.


Тусгай зориулалтын компаниудад зөвшөөрөл олгосонтой холбогдуулан “МИК актив арав” ХХК-ийн гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 20 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,030,173 ширхэг, “МИК актив арван нэг” ХХК-ийн 709,007 ширхэг баталгаат үнэт цаасыг тус тус бүртгэсэн байна.УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан орон сууцны 8 хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж, “МИК ОССК” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу “МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-уудад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгожээ.

Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг СЗХ бүртгэснээр энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх боломж бүрдэж буй юм.

Компаниудад тусгай зөвшөөрөл олгож, үнэт цааснуудыг бүртгэсэнтэй холбогдуулан хууль, журам, дүрмээр хүлээсэн үүрэг хариуцлагаа цаг тухайд нь бүрэн биелүүлж, хөрөнгө оруулагчид, харилцагчдын эрх ашгийг хамгаалж, ил тод байдлыг хангаж ажиллахыг “МИК ОССК” ХХК болон “МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-уудад үүрэг болгожээ.

Хуралдаанаас анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч банкууд, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд тавьж буй хяналт шалгалтынхаа тайлан, мэдээлийг Монголбанктай харилцан солилцож, хамтран ажиллахаар болсон байна.

 “МИК ОССК” ХХК өмнө нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийг багцлан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилго бүхий тусгай зориулалтын 9 компанийг үүсгэн байгуулаад байсан билээ.

Санхүүгийн зохицуулах хороо

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …