1.Хүний сэтгэлд буй Бурхан багшийн мөн чанарыг ухааны болон зүрх сэтгэлийн хэмээх хоёр шунал тачаал хучсан байдаг. Ертөнцийн бүх шунал тачаалыг энэхүү хоёр төрөлд хуваана.
Үүсэх шалтгаан нь мунхаг харанхуй болон шунахай сэтгэл юм. Харанхуй болон ховдог хомхой сэтгэл бүх шунал тачаалыг өдөөнө. Эдгээр нь ямар ч шунал тачаалын эх ундарга болой.
Харанхуй гэдэг нь мунхаг ухаан хийгээд үнэнийг үл ойлгох байдал юм. Ховдог хомхой сэтгэл бол хүсэл шунал, амьдралд дасал болохын эх ундарга юм. Энэ бол нүдээр харж, чихээр сонсч буй бүхнээ эзэгнэх хүслэн юм.
Энэ бол үхлийн хүслэн болж өсч ургадаг хүслэн билээ. Харанхуй хийгээд ховдог хомхой сэтгэлээс эгээрэл хүсэл, уур уцаар, мунхаг ухаан, буруу тайлбар, гомдол, атаархал, худал хуурмаг, бялдууч зан, ихэмсэг зан, бусдыг үл тоомсорлох, хөнгөн хийсвэр загнах зэрэг хорвоогийн шунал тачаал төрнө.
Хүн өөрт нь таалагдсан юмыг олж хараад хүслээ хангах буруу бодолд автахад шунал үүснэ. Хүн өөртөө үл таалагдах юмыг олж харахдаа эрхэндээ оруулах гэсэн буруу бодолд автахад уур хилэн үүснэ. Хун харанхуйгаасаа болж юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ үл мэдэх нь мунхаг явдал юм. Буруу сургаалын нөлөөн дор буруу бодох нь буруу тайлбарлахад хүргэнэ. Хүсэл шунал, уу хилэн, мунхаг харанхуй гурвыг энэхүү ертөнцийн гурван гал хэмээдэг. Бүх хүслээ дураар нь тавьж ухаан бодлоо хазаарлах чадваргүй болсон хүнийг хүслийн гал нь шатаадаг. Амьд амьтныг хөнөөж, уурын мунхагт автсан хүнийг хилэнгийн гал нь шатаадаг. Бурхан багшийн сургаалыг мэдэхгүй, төөрөлдөж яваа хүнийг мунхагийн гал хуйхалдаг. Үнэхээр энэ орчлонд янз янзын гал асч буй билээ. Хүсэл шунал, уур хилэн, мунхаг ухааны гал, амьдрах, өтлөх, өвдөх, үхэхийн гал, санаа сэтгэл шаналж, уйтгарлан гуних, зовж зүдрэх, тарчлахын олон гал асч байна. Ертөнцийн шунал тачаалын хорт гал зөвхөн төөрч будилсан хүмүүсийг хуйхлаад зогсохгүй, бас бусдыг зовоож, бие, хэл, сэтгэлээр нүгэл үйлдэхэд хүргэдэг. Үүгээр ч зогсохгүй энэ галд түлэгдсэнээс үүдсэн идээ бээр нь бусад хүмүүст халдварлаж,
тэднийг муу үйлийн замд хөтлөн оруулна.
3.Шунал хүсэл нь хангалуун байх гэсэн сэтгэлээс, уур хилэн нь сэтгэл хангалуун бишээс, мунхаг харанхуй нь муу муухай санаанаас үүднэ. Хэдийгээр шунал хүсэл нь сүйдтэй том нүгэл биш боловч, түүнээс ангижирна гэдэг амаргүй. Хэдийгээр уур хилэн нь их нүгэл боловч, түүнээс ангижирах нь хэцүү биш. Мунхаг харанхуй бол том нүгэл, түүнээс ангижрах нь амаргүй.
Тиймээс хүмүүс өөртөө таалагдаж буй юмыг үзэх, сонсох үедээ юу бодож сэтгэх, тааламжгүй зүйлийг үзвэл тэвчихийг дээдэлж ямагт зөв бодох, ингэснээрээ муу гурван галыг унтраах ёстой. Хүмүүс зөв, ариун тунгалаг, өгөөмөр сайхан сэтгэлтэй болвол хорвоогийн шунал тачаал тэдэнд үгүй болно.
4.Шунал хүсэл, уур хилэн, мунхаг харанхуй нь өвчтөн халуурах лугаа адил билээ. Ямар ч саруулхан, гоё тансаг өрөөнд хэн бугай ч хэвтэж байсан, халуунтай л бол дэмийрч, нойр муутай хононо. Хорвоогийн эдгээр шунал тачаалаас ангижирсан хүн хөхөө өвлийн хүйтэн шөнө, газар унаж дэрийн хөлдсөн навчисын дээрч эсэн тайван тухтай нойрсоно, зуны бүгчим шөнө, тав тух муутай, бачуухан өрөөнд ч сайхан унтана. Ертөнцийн энэхүү гурван шунал тачаал эл хорвоогийн уй гуниг, зовлон зүдгүүрийн гол шалтгаан билээ. Энэ уйтгар гуниг, зовлон зүдүүрийг гагцхүү сонор сэрэмж, ! зүтгэл санааны төвлөрөл, оюун ухаан л таслан зогсооно. Сононр хүний хүсэл аливаа хязгаарыг үл мэднэ. Зүйрлэвэл, энэ нь давстай ус уугаад, цангаа тайлж чадахгүй байгаа хүнтэй адил бүлгээ. Тэрбээр хичнээн их ус уулаа ч, цангаагаа тайлж чадахгүй, улам ангана.
Хүн хүслээ хангахаар тэмүүлэвч сэтгэл нь улам бүр үл ханаж, уурлаж уцаарлаж эхэлнэ. Хүн хүслээ хангаж чадахгүй. Тэрбээр хүслээ биелүүлж чаддаггүй учир зовж зүдэрдэг. Тэрбээр хүсэл нь биелэхгүй болохоор галзуурах шахдаг. Хүмүүс ховдог хомхой сэтгэлээсээ болж нэг нэгтэйгээ маргалдаж, хоорондоо дайтна.
Ховдог хомхой сэтгэлдээ автаж урдахаа харахаа больсон хаад ноёд, сайд язгууртан, эцэг хөвгүүд, ах дүү, анд нөхөд хоорондоо тэрсэлдэн дайтаж, нэгийгээ алж хяддаг. Шунаг сувдаг сэтгэлээсээ болж хүн зөв замаасаа урваж, хулгай хийж, худал хэлж, буруу хурьцаж эхэлдэг. Зарим үед гэмт хэрэг үйлдэж байгаад баригдан шийтгэгдэж, зовж тарчилдаг.
Түүнээс гадна сувьдаг шунахай сэтгэлээсээ болж бие, хэл, сэтгэлээр нүгэл үйлдэнэ. Хүн энэ ертөнцөд зовж, үхсэнийхээ дараа нөгөө ертөнцөд очихдоо харанхуй тамын элдэв зовлонг эдэлдэг.
Сувьдаг шунахай сэтгэл бол ертөнцийн хамгийн хэцүү шунал тачаал бөгөөд бусад нь түүний эрхэнд байдаг. Хомхой сэтгэл нь хорвоогийн шунал тачаал соёолж ургадаг чийгтэй хөрс лүгээ адил юм. Энэхүү ховдог сэтгэл нь хорвоогийн элдэв шунал тачаалыг төрүүлнэ. Сувьдаг шунахай сэтгэл бол буяныг залгидаг шулмас юм. Хомхой сэтгэл ямар ч буяныг үгүй болгоно.
Ховдог хомхой сэтгэл бол цэцгийн сүүдэрт нуугдаж буй хорт могой лугаа адил бөгөөд хүслийн цэцэгт хуруу хүрсэн болгоныг хөнөөх амой. Ховдог хомхой сэтгэл бол мод ороож ургадаг хорт ургамал бөгөөд хүний сэтгэлийг ороож, буяных нь шим шүүсийг сордог юм. Ховдог хомхой сэтгэл бол шуламын шидсэн талх, түүнийг авсан хүн нүглийн замаар ордог. Хэрэв өлсгөлөн нохойд цус түрхсэн хоосон булуу хаяж өгвөл шуналтай нь аргагүй түүнийг мэрэх боловч дэмий л цуцаж, зовж зүдэрнэ.
Хэрчим махны төлөө зэрлэг амьтад нэг нэгэнтэйгээ уралцдаг. Асаасан бамбар бариад салхи сөрөн явж буй мунхаг хүн бамбарынхаа галд шатна. Зэрлэг амьтад, мунхаг хүмүүс сувьдаг шунахай сэтгэлээсээ болж өөрсдийгөө зовоож эсвэл шатаадаг.
Хорт сум гаднаас эрчлэн нисч ирвэл түүнээс хамгаалж болно, хэрэвдотроос эрчлэн нисч ирвэл хамгаалж үл болно. Шунал үүсэл, уур хилэн, харанхуй мунхаг, ихэмсэг зан энэ дөрвииг элдэв өвчин халдаадаг хорт дөрвөн сумтай зүйрлэж болно.
Сэтгэлд шунал, хүсэл, уур уцаар, мунхаг ухаан нүүрлэсэн цагт хүн худал ярьж, илүү дутуу чалчиж, хараал хэлж, хоёр нүүр гаргаж, амьтан алж, хулгай хийж, буруу хурьцах бүлгээ. Сэтгэлээр үйлдэх гурав, хэл амаар үйлдэх дөрөв, биеэр үйлдэх гурван нүглийг арван хар нүгэл гэнэ. Хэрэв хүн санаатай худал хэлж эхэлвэл ямар ч муу үйл үйлдэнэ. Буруу хэрэг хийж буй учир худлаа ярихаас өөр аргагүй болдог. Худлаа ярьдаг учраас нүгэл үйлдэхдээ ичиж зовохыг мэдэхгүй. Ховдоглох, шунаж хүсэх, айж эмээх, уурлаж уцаарлах нь цугаараа мунхаг ухаанаас үүднэ. Мөн гай гамшиг, аюул зовлон ч мунхаг ухаанаас урган гардаг. Энэ ертөнцөд мунхаг ухаан элдэв халдварын эх булаг мөн.
Хүн хорвоогийн шунал тачаалд автаж муу үйл үйлдэнэ. Муу муухай үйлсээсээ зовж шаналдаг. Хорвоогийн шунал тачаал, муу үйл, зовлон зүдүүр нь эцэсгүй эргэлдэж байдаг гурван хүрд юм. Эдгээр хүрдний эргэлт нь эхлэл, төгсгөлгүй юм. Хүн энэ хүрээнээс гарч үл чадна. Энэ хүрээнд эргэлдэж, дахин дахин төрж, энэ ертөнцөөс өөр ертөнцөд шилжин очиж, тэндээсээ гурав дахь ертөнцөд шилжиж, ийнхүү дуусашгүй олон төрлийг олно.
Энэхүү мөнхийн эргэлдэх хүрээнд хүний үхсэн болгоных нь дараа шатаасан ясыг нь цуглуулбал Сүмбэр уулнаас өндөр болно. Энэ цаг хугацаанд ээжээсээ хөхсөн сүүг цуглуулбал Сүн далайгаас илүү болно. Тиймээс хэдийгээр хүн Бурхан багшийн мөн чанартай боловч, тэр нь хорвоогийн шунал тачаалын үнэхээр зузаан тоосонд хучаастай тул цаанаас нь нэвтлэн гарч ирж үл чадмуй. Хэдийгээр хүн бүхэнд Бурхан багшийн үл илрэх мөн чанар буй боловч, хүмүүс тэрхүү мөн чанарыг байхгүй хэмээн үздэг учраас тэдний төөрөгдөл эцэс төгсгөлгүй билээ.
Budda.mn