Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг бууруулах эсэх талаар хэлэлцэв. Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулан, 14 хувь болгохоор шийдвэрлэжээ.
Мөнгөний бодлогын зөвлөл дөнгөж сая Монголбанканд мэдээлэл хийлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаас гаргасан мэдэгдэлийг танилцууллаа.
Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэл
Монголбанкнаас 2016 оны 8 дугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгөв. Инфляци ирэх онд зорилтот түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхаар байна. Гадаад худалдааны нөхцөл хүлээгдэж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байна. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын үр нөлөө, мөнгөний бодлогын цаашдын төлөв нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс хамаарах юм.
Г.Нараа