Налайх дүүргийн ИТХ-ын гуравдугаар хуралдаан 12 сарын 19-нд хуралдлаа.
Хуралдаан өглөө 10 цагт төлөөлөгчдийн 87 хувийн ирцтэй эхэлж, ИТХ-ын дарга Б.Нэргүй нээж үг хэллээ.
Хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр
Дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
Налайх дүүргийн “Хөгжлийн зөвлөл” ажиллах журам батлах
Дүүргийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Дүүргийн 2017 оны төсөв батлах тухай
Дүүргийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй эдгээр асуудлуудыг ИТХ-аас гуравдугаар хуралдаанаас өмнө ажлын хороодоор хэлэлцэн, бүх төлөөлөгчдийн саналыг тусгасан юм.
“Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг холбогдох хууль тогтоомж, Засгийн газар болон нийслэлийн холбогдох хөгжлийн бодлого, баримт бичгүүдийг үндэслэн:
-Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх,
-Ирээдүйн жишиг хот Налайх,
-Эрүүл орчинтой Налайх,
-Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх,
-Төрийн үйлчилгээгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх гэсэн 5 бүлэг, 29 зорилт, нийт 182 заалттай боловсруулсныг ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар баталлаа.
Дүүргийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан оролцож, ирэх онд хийгпэх томоохон ажлуудаас товч танилцуулсан юм. 2017 онд Баянзүрх дүүргээс Налайх хүртэлх 27,5 км замын ажил, дүүрэг доторх авто замын өргөтгөл шинэчлэл, задгай цэцэрлэгт хүрээлэн зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөх юм.
Хэлэлцэх асуудалд дүүргийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахаар тусгасан боловч асуудал тодорхой бус учир, 2016оны12дугаар сарын 25-ны өдрийн дотор дахин тодорхой боловсруулж, хуралдаанаар танилцуулахыг даалгасан юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.