-Хөгжлийн банкаа балансынх нь хувьд, санхүүгийнх нь чадварын хувьд, менежмэнтийнх нь хувьд сайн болгох нь Засгийн газрын ойрын хугацааны зорилт байх ёстой-
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяатай Хөгжлийн банктай холбогдох асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын Эдийн засаг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уржигдар /2016.12.20/ Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг таны саналаар хаалттай горимоор хэлэлцлээ. Нууцлах ноцтой асуудал гарсан юм уу?
-Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1.0 их наяд хүргэж нэмэгдүүлэх, Засгийн газар, Хөгжлийн банк хоёрын хооронд үүссэн авлага, өглөгийн тооцог дуусгах асуудлыг хэлэлцэж байсан. Чанаргүй гэж нэрлээд байгаа зээлүүдий тухайд тодорхой, нэр устай яригдах болсон учраас хаалттай горимд шилжсэн. Хуульд ч зээлдэгчид, зээл авсан компаниудын нууцыг чандлах талаар заасан байдаг.
-Хаалттай хуралдаанаар бүх асуудлаа ний нуугүй ярьж чадсан уу. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 70-90 хувь чанаргүй болсон гэдэг зүйл яригдах. Хэр бодитой мэдээлэл юм бэ. Хөгжлийн банк өнгөрсөн таван жилийн хугацаанд 5.6 их наяд төгрөгийг татан төвлөрүүлснээс 5.5 их наядыг зээл хэлбэрээр гаргасан шүү дээ?
-Эргэлзээтэй асуудал маш олон байна. Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсэг өнөөг болтол шалгалтын акт материалаа УИХ дахь Ардчилсан намын бүлэгт өгөөгүй. Бидний гар дээр ажлын хэсгийн тараасан арван хуудас слайд л байгаа. Түүнд түшиглэн дүгнэлт хийх боломжгүй.
Ардчилсан нам эрх барих үед Хөгжлийн банкныхан хууль зөрчсөн, аливаа буруу зүйл хийсэн бол бид түүнийг хаацайлах гээгүй. Шалгалтын дүн бодит санхүүгийн баримт, гэрээ хэлэлцээрийн нөхцөлд тулгуурлаж тогтоогдсон байх ёстой, үнэн зөв мэдээлэл дээр үндэслэж асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байрь суурьтай байна.
-Тэгвэл гаргасан зээлийнх нь 70-90 хувь чанаргүй гэж дүгнэх нь буруу гэсэн үг үү?
-Тийм. Нэгдүгээрт Засгийн газрын баталгаатай, төсвөөс эргэн төлөгдөх нөцөлтэй төслүүдийн хувьд өглөгөө Ххөгжлийн банкнаас авах авлагадаа суутгуулан тооцох болж байна. Ингэхээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр олгогдсон 2.5 орчим их наядын зээлийг чанаргүй гэж үзэх нь утгагүй болсон.
Хоёрдугаарт арилжааны банкуудаар дамжуулж 1600 орчим төсөлд олгосон 800.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөгдөх эрсдлийг гэрээний дагуу арилжааны банкууд хүлээсэн. Банкууд зээлдэгчдээсээ авна, одоогоор төлбөр, тооцоогоо саадгүй хийж байгаа, харилцагчид нь асуудалгүй байгаа учраас эдгээр зээлүүдийг муудсан гэж үзэх нь утгагүй юм.
Гуравдугаарт, Хөгжлийн банк цэвэр өөрийнхөө хөрөнгөөр шийдэж олгосон 1.4 их наяд төгрөгийн 16 төсөл хэрэгжиж байна. Хаалттай хуралдаанаар энэ төслүүдийг компани бүрээр, явц байдлынх нь талаар шаардаж байж зарим нэгэн мэдээлэл авсан. Гэхдээ бүрэн биш. Энэ зээлүүдийн хувьд л чанарын асуудал яригдахаар байна.
-Хамгийн их асуудал дагуулах зээл эдгээр 16 төсөл дээр асуудал яригдах нь ээ дээ?
-Тийм ээ, эдгээр 16 төслийн техник эдийн засгийн үндэслэл хэр бодитой байсан, заримынх нь төсөвт өртөг өссөн бол юунаас болж өссөн шалтгааныг тогтоох ажлыг яамдын түвшинд хийхийг өмнө нь хүссэн. Одоогоор шалгалт бүрэн хийгдэж дуусаагүй байна. Гэтэл нийгэм даяар Хөгжлийн банкны зээлийн 70-90 хувь нь чанаргүй болсон гэсэн мэдээлэл цацагдлаа. Одоо энэ “дампуурсан” банкинд хэн итгэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ.
-Хөгжлийн банкны бодит байдал яг ямар байна вэ. Өнгөрсөн хугацаанд улстөрчид энэ банкийг хайр найргүй л нүдлээ. Хүмүүс “Хөгжлийн банктай байснаас байгаагүй нь дээр” гэдэг дүгнэлтэд хүрчих шиг санагдана?
-Хөгжлийн банкны асуудлыг улс төрийн маргааны бай болгосноор энэ банкны нэр хүнд унаж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр нам өөр, өөрийнхөө өнцгөөс хараад нэг нь энэ банкийг маш муу байсан, нөгөө нь сайн байсан гэж хоёр туйлаас их үзэлцлээ. Улстөрчдийн акциас болж Хөгжлийн банкны үндсэн үүрэг бүдгэрч эхэлж байна. Зарим гишүүдийн амнаас Хөгжлийн банкийг татан буулгах тухай үг унаж байгаад сэтгэл эмзэглэж байна. Бид урагшилсан хөгжлөөсөө хойшоо ухармааргүй л байна.
Хөгжлийн банкийг анх байгуулсан зорилго бол Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, төсвийн хөрөнгөөр өгөөжөө өгөх том, том төслүүдээ санхүүжүүлж чадахгүй учраас гадны зах зээлээс бонд гаргах замаар хөрөнгө оруулалт босгон, төслүүдээ санхүүжүүлэх зорилготой байгуулсан.
Ийм банк Монгол Улсын эдийн засагт урт хугацаатай хөрөнгө оруулалт татаж чадна. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтынхаа банкны үүргийг зохих ёсоор гүйцэтгээд явах тэр замыг нь дэмжээд хууль эрх зүйн орчныг нь сайжруулж, зөв менежмэнтээр удирдаж, улс төр ашиг сонирхолоос ангид байлгаж, хөрөнгө оруулалтын банк утгаар хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадсан нөхцөлд Монгол Улсын эдийн засагт маш их хэрэгтэй.
-Эргээд зээлийн асуудлаа хөндөе, арилжааны банкаар дамжуулан олгосон зээлүүдийн хувьд төрд ачаа болохгүй нь. Төслүүд нь Монголд хэр өгөөжөө өгөх бол?
-Төрд ирэх эрсдэл байхгүй. Үйлдвэрлэлийг дэмжсэн, ажлын байрыг олноор нэмэгдүүлэх,, экспортын хэмжээг ихэсгэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүнийг дэмжих төслүүдэд зээл олгосон гэдгээ өмнөх Засгийн газрын асуудал хариуцсан хүмүүс мэдээлж байсан. Амжилттай хэрэгжиж чадвал Монголын эдийн засагт үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
-Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч нь Засгийн газар болж таарч байгаа. Нийтдээ 3.2 их наядын зээлийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлээ цаг хугацаандаа төлөх боломж байна уу?
-УИХ-ын тогтоолын төсөл батлагдвал Засгийн газар авсан зээл, өглөгөө харилцан суутгаж тооцоо дуусгана.
-Хөгжлийн банкны хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн барихаар ажиллаж байгаа дуулдсан. Шинэ хуулиар Хөгжлийн банкыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах боломж бий юу. Өөр бусад олон л шалтгаан байх шиг?
-Хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцлийг нь энэ хуулиар олгож өгөх шаардлага байна. Хамгийн гол нь үйл ажиллагаанд нь мөрдүүлэх дүрэм, журам, үнэлэх үнэлгээний аргачлалуудыг мэргэжлийн түвшинд зөв тогтоож өгөхгүй бол энэ банкинд ажиллаж байсан, ажиллаж байгаа, ирээдүйд ажиллах хүмүүс Compliance risk-д өртөх магадлал өндөр байна.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банкууд бол арилжааны банкууд. Хөгжлийн банк Монголд хөрөнгө оруулалтын сан, Монголд хөрөнгө оруулалтын банкны орон зайнд урт хугацааны төслийн санхүүжилт хийж байгаа учраас зохистой харьцаа, төлбөрийн чадварын үзүүлэлт, зээлийн чанарын үнэлгээг нь банкуудынхаас өөр буюу үйл ажиллагаанд нь тохируулж, тодорхой тогтоон заавал мөрдөгддэг болгох зорилгоор хууль хамтран санаачлахыг дэмжсэн.
-Засгийн газраас Хөгжлийн банкны талаар ямар арга хэмжээ авах ёстой гэж та үзэж байгаа вэ?
-Монголын 13 банк бүгд арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Монголд хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын банк гарч ирж чадахгүй байгаа учраас энэ банкийг байгуулсан. Энэ зорилгоосоо хэрхэвч ухарч болохгүй. Хөгжлийн банкныхаа нүүр царай, санхүүгийн үзүүлэлт, менежмэнтийг хэдий хугацаанд сайжруулж чадна , энэ банкнаас гаргасан үнэт цаас тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт татаж чадна.
Хөгжлийн банкаа балансынх нь хувьд, санхүүгийнх нь чадварын хувьд, менежмэнтийнх нь хувьд сайн болгох нь Засгийн газрын ойрын хугацааны зорилт байх ёстой.
Дээр нь төсөв санхүү нь хариуцлагатай, төр нь хэлсэндээ хүрдэг байж, Хөгжлийн банкаарaa дамжуулж үнэт цаас гаргах замаар олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгодог тогтсон жишгээр явж урт хугацааны санхүүгийн эх үүсвэрээ олдог энэ механизмыг зөв ажиллуулж хэвшихгүйгээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд гээд бүгдээрээ улс, улс хэсээд мөнгө гуйгаад явахаар мөнгө олдчихдог энэрэнгүй санхүүгийн орчин энэ дэлхийд байхгүй л дээ.
Г.Дарь
Эх сурвалж: News.mn