С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр Цагдах хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд товлосон ёсоор 10.00 цагтаа эхэллээ. Хурал нотлох баримтуудыг үргэлжлүүлэн шинжилж байна гэж мэдээллээ.
Цагдаа, прокурорынхны 18 жилийн турш цуглуулсан, хэргийн нотлох баримтуудыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдараар ахлуулсан шүүх бүрэлдэхүүн өнөөдөр ийнхүү шинжилж байгаа юм. Хэрэгт холбоотой улсын нууцад багтах нотлох баримтуудыг шүүгч, шинжээчид өнгөрсөн баасан гарагаас эхлэн танилцсан. Тухайн өдөр шүүх хурал 15.00-15.30 цагийн хооронд 30 минут завсарлаж, 22.00 цаг хүртэл нийт 12 цагийн хугацаанд үргэлжилсэн ч нотлох баримтуудыг шинжилж дуусаагүй тул өнөөдөр үргэлжлүүлж байна.
Шүүх хурал өнгөрсөн лхагва гарагт улсын яллагч Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар ялын дүгнэлтийг дөрвөн цагийн турш уншиж танилцуулсан. Дараа нь шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар мэдүүлэг өгч, асуулт хариулт явуулснаар шүүх хурал завсарласан юм. Харин маргааш нь буюу 22-ны өдөр шүүх хурал гэрч, шинжээчдийн мэдүүлгээр үргэлжилсэн. Эх сурвалжийн мэдээлснээр шүүх бүрэлдэхүүн 10 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг, онцгой, шүүхийн шинжээчдээс тусгайлан тайлбар авч, хуулийн дагуу 22.00 цагт шүүх хурал дахин завсарлаж, баасан гарагт мөн үргэлжилсэн юм.
Цагдан хорих 461 дүгээр ангид дөрөв дэх өдрөө үргэлжилж буй шүүх хурал цагдаа, тагнуул, шийдвэр гүйцэтгэх байгууллагын онцгой хамгаалалт дор явагдсан хэвээр байна.
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг