Огтхон ч итгэхгүй байна

Юунд гээч… С.Зориг агсны амь насыг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүд үнэхээр баригдаж, үүрэх ёстой ялаа үүрсэн гэдэгт би ОГТХОН Ч ИТГЭХГҮЙ БАЙНА. Эргэлзэж буй шалтгаанууд олон учраас тэр. Ямар гэвэл…
1. Яллагдагч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь ямар сэдлээр С.Зориг агсныг хороов? ТОДОРХОЙГҮЙ… Ямар нэгэн өндөр үнэтэй эд зүйлс ихээр алдагдаагүй шиг билээ. Улс төрийн захиалгат хэрэг биш юм бол очиж очиж яг маргааш өглөө нь Ерөнхий сайд болох гэж байсан хүн тэр шунахайн сэдэлд нь өртдөг нь ямар гээчийн ховор сонин тохиолдол вэ?
2. Шүүх бүрэлдэхүүн тус хэрэгт ЗАХИАЛГААР гэсэн зүйлчлэл оруулж шүүгдэгчдийг яллажээ… Эрдэнэт үйлдвэрийн захирал, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг хэрвээ энэ хэргийг захиалсан гэхүл, тэрбээр өөрийн малчиддаа, эрүүгийн, тэр дундаа улс төрийн аллагын өчүүхэн ч туршлагагүй нөхдүүдэд ийм том хэргийн захиалга өгч хийлгүүлж байх тийм гэнэн, тэнэг нөхөр мөн үү? Гарцаагүй баригддаг юм байгаа биз дээ…
3. Аллага болох тухайн үед Ерөнхийлөгч Н.Багабанди байсан. Тэрбээр Ерөнхий сайдад нэр дэвшигч Даваадоржийн Ганболдыг долоон удаа буцааж, өөрөө С.Зориг нарын хүнийг санал болгож байж, Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлүүлэхээр болсон байдаг. Ерөнхийлөгч Н.Багабандийн Тамгын газрын дарга С.Баяр тухайн үед хамгийн сүүлд С.Зоригтой уулзаж, маргааш өглөө асуудлыг хэлэлцэж шийдэхээр тохиролцсон.
Тэр тохиролцооноос хэдхэн цагийн дараа алуулсан. Гэтэл Ш.Отгонбилэг нь Ерөнхийлөгч Н.Баганбандийн хамгийн дотно шадар хүн байв. Энэ нэг учир шалтгаан хэлэхгүй байна гэж үү? Нөгөө талаар энэхүү С.Зориг, С.Баяр нарын хооронд Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай тохиролцсон болон аллага хоёрын хооронд хэдхэн цагийн хугацаа өнгөрсөн тул хэдийдээ Ш.Отгонбилэг Эрдэнэтээс хоёр малчнаа авч давхиад ирж амжих байсан юм бол?
4. Ш.Отгонбилэгт С.Зоригийг алуулах тийм ямар ноцтой шалтгаан байв???? ГОК-ын захирлын суудал төдийн төлөө хүн алуулах хэмжээний хүн гэдэгт би огт итгэхгүй.
Тийм өчүүхэн ч хүн биш. Тэгээд ч Ш.Отгонбилэг агсанд ГОК-ын захирал гэдэг албан тушаал бол дээд туйл, оргил нь биш, тэр цаашид УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч болох боломж бүрэн байсан. Тийм том карьертэй байсан хүн суудалдаа үлдэхийн тулд хүн алуулах, гэхдээ тийм болхи байдлаар захиалга өгөөд суух уу?
5. Ийм жир нэгэн эрүүгийн хэрэгтнүүд энэ аллагыг хийсэн юм бол, ил тод гэрчтэй, ил тод ул мөртэй энэ гэнэн хэргийг яагаад бүхэл бүтэн улсын Мөрдөн шалган байгууллага илрүүлж чадахгүй 19 жил гацав. Аллага болсон 1998 оны 10 сард ч, түүнээс үргэлжлүүлж 2000 оны 6 сар хүртэл Ардчилсан хүчин засгийн эрх барьж байв. Тэр хугацаанд ийм хялбар, улс төрийн том халхавчгүй хэргийг яагаад илрүүлчихээгүй юм бол?
6. Аллага хийх үедээ 16 настай байсан “хэрэг үйлдэгч” малчин хүүд тухайн үед эрүүгийн гэмт хэрэг хийх туршлага хэр байв? Тэр яагаад тийм айхтар мундаг 19 жил нуугдаж чадав аа? С.Зориг агсан 16 настай бандид тийм амар хутгалуулаад ч байхаар хүн бас биш л баймаар.. /Каратегаар хичээллэж байсан.???/
7. Ш.Отгонбилэг эдгээр гүйцэтгэгчдэд ийм том эрсдэлтэй юм хийлгэхийн тулд ихээхэн юм амлаж таарах байх даа. Тийм бол энэ хугацаанд энэ хүмүүс хэрхэн амьдарч байв. Тэр аллагынхаа хөлсөнд авснаараа амьдарч чадахгүй яагаад дахин дахин гэмт хэрэг үйлдэв. Тэр захиалгынхаа хөлсийг хааш нь хийчихэв?
8. Энэ хэргийг шалгасан үе үеийн ажлын хэсгийнхэн яагаад дандаа солигдож байв. Олонхи нь бас учир битүүлгээр яагаад бурхан болцгоочихов. Бас тэр хэсэгт орж ажилласан шилдэг гэгдэх мөрдөгчид яагаад энэ талаар таг болчихов. Яагаад олон чухал гэрчүүд учир битүүлгээр амь үрэгдэв. Ердөө л энэ гурван малчны төлөө юу???
9. Ш.Отгонбилэг агсны өөрийнх нь үхэл ч бас эргэлзээтэй байдагсан. Яагаад???
10. Өнөөдөр үнэхээр энэ хэргийг илрүүлсэн юм бол тэр гавьяа байгуулсан мөрдөгчийг, ажлын хэсгийг шагнаж урамшуулмаар юм… Гавьяатны сураг сонсогдохгүй байх… Боолихойтой захиалга гүйцэтгэсэн мөрдөгчид болоод тэр үү?
11. Энэ алуурчдыг Булган яг нүүр тулж гэрчилсэн юм уу? Хаалттай хаалганы цаана чухам юу болчихов. Ингэхэд Монголын нийгмийн 19 жил хүлээсэн энэ хэргийг шүүх хурал яагаад хаалттай болов?
12. Яагаад нэлээд хэдэн жилийн өмнөөс Монгол Улсад эрүүгийн нөхцөл байдал огтхон ч дээрдээгүй, харин ч хүндэрсээр байхад Цаазаар авах ялгүй улс болно хэмээн дэлхий даяар зарлан тунхаглаж, сүр дуулиан болов?
13. Яагаад энэ хүмүүст цаазын ял биш, хорих ял оноов?
..
Одоо надад нэг л хар байна.
Өөр хүн амины хэрэгтэнд, тэртэй тэргүй 25 жилийн ял доод тал нь авах хэрэгтэнд энэхүү хэргийг үүрүүлээд, тодорхой наймаа тохиролцоо хийгээд, амь насыг нь үлдээж буй ЖҮЖИГ…
.
С.Зориг агсныг зэрлэгээр хөнөөсөн хэрэг бол өнгөрсөн 19 жилийн улс төрийн нэгэн гол хөзөр, манай нийгмийн уур амьсгал, хууль, шүүхийн байгууллагын дүр төрх болж ирсэн. Энэ хэрэг үнэхээр ноцтой хийгээд хэрхэн илрэх нь ч араасаа ноцтой үр дагавар дагуулж мэднэ.
Гэтэл энэ шүүх хурал хэд хоног хаалттай хаалганы цаана болж байхад ард түмэн ч, улс төрийн намууд ч таг гөлгөр суух. Чухам тиймээс л ард түмэн энд анхаарал сэрэмжтэй байж, чин үнэнийг нэхэж, шаардаж, бас эргэлзээ юугаа тайлж байх шаардлага бий. Тэр үүднээс санаа бодлоо бичив.
.
Надад энэ асуултуудад логик учир шалтгаантай сайхан тайлбар хариу өгч эргэлзээг маань тайлж өгөх аваас ихэд баярлана.
Б.Наминчимэд

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …