Английн Премьер Лигийн 2 –р тойргийн хуваарь ёсоор Ливэрпүүл клуб Астон Виллагийн талбайд зочлон тоглолоо. Нээлтийн тоглолтондоо Стоук ситиг Анфилддаа буулган авч, гараагаа амжилттай эхлүүлсэн Улаанууд энэ улирлын эхний зочлон тоглолтоо хийсэн юм.
Брэндан Рожэрс Вилла Паркт тоглох гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсангүй, нээлтийн тоглолтонд оролцсон тоглогчдыг эхнээс нь гаргав. Тоглолтын 21 дэх минутанд Хосэ Энрикэгийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг хүлээж авсан Даниэл Старриж Виллагийн хамгаалалтыг ур чадвараараа эвдэж, хаалгач Брэд Гузаныг хууран гоёмсог гоолыг оруулав. Түүнийг гоол оруулахад Ф.Коутиньогийн ухаалаг тоглолт чухал байсныг дурьдах хэрэгтэй. Энэ гоол нь Астон Виллаг буулган авахад хангалттай байсан бөгөөд Брэндан Рожэрсийн удирдлаган дор оруулж буй 100 дахь гоол байснаараа онцлог болжээ.
Тоглолтыг тэргүүлж эхэлсэн талбайн зочид дахин гоол оруулах оролдлогыг олон гаргаагүй бөгөөд 2 –р үеэс нэлээд татаж, хамгаалалтандаа анхааран тоглосон. Эхний үеийн төгсгөлд Виллагийн шилдэг довтлогч Кристиан Бэнтэкэ нэгэн аюултай цохилт гүйцэтгэснийг Симон Минолье аюулгүй болгосон юм.
Харин дараагийн үед талбайн эзэд илүүтэй санаачилга гарган тоглож байсан. Энэ нь Ливэрпүүлийн татаж тоглосонтой ч бас холбоотой болов уу. Коло Турэ агаарын тулаанд ялалт байгуулсан ч сулхан мөргөсөн бөмбөгийг Габриэл Агбонлахор шууд цохьсон нь хаалгатай тун ойрхон өнгөрлөө. Энэ үед талбайн эзэд түлхүү довтолж байсан ч яг гоол оруулчих хэмжээний момэнтийг 86 дахь минутанд л гаргасан юм. Дэд ахлагч Аггэрийн сулхан мөргөсөн бөмбөгийг Виллагийн тоглогч ашиглан Бэнтэкэ рүү дамжуулахад тэрээр тун хүчтэй цохилт хийв. Гэвч Ливэрпүүлийн хаалган дээр Симон Минолье зогсч байсан юм. Нутаг нэгт довтлогчийнхоо маш хүчтэй цохилтыг Минолье маань гайхалтай ур чадвар гарган хааж, багаа дахин нэг удаа аварлаа.
Мөн тоглолтын 70 дахь минутанд Брэндан Рожэрс сэлгээ хийж, зээлээр тоглуулахаар авчраад буй Франц хамгаалагч Али Сиссохог талбайд гаргасан билээ. Тоглолтын төгсгөлд Даниэл Старрижийг торгуулийн талбай дотор Б.Гузан унагаасан боловч харамсалтай нь Клаттэнбург пеналт заасангүй.
Ийнхүү Улаанууд Даниэл Старрижийн оруулсан ганц гоол, Симон Минольегийн чадварлаг тоглолтын ачаар ээлжит 3 оноогоо аван Лондоны 2 багийн хамтаар хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Энэ тоглолтын Шилдэг тоглогч нь Даниэл Старриж, Симон Минолье, Коло Турэ юу гэдгийн хариултыг нээлттэй орхиж байна.
Астон Виллагийн хувьд улирлын эхний тоглолтууд харьцангуй хүнд байсан бөгөөд эхний тоглолтондоо Арсеналыг талбайд нь буулган авсан. Мөн өнгөрсөн долоо хоногийн дундуур Лондоны өөр нэгэн баг Чэлситэй тоглож давамгайлж явсан ч 2:1 харьцаатай ялагдал хүлээсэн юм. Эдгээр 2 тоглолтонд нэгэн тоглогч туйлын онцгойрч, гайхалтай формоо үзүүлсээр байсан нь Бельгийн Кристиан Бэнтэкэ байлаа. Түүнийг зогсоох нь энэ хожлын хамгийн том түлхүүр байлаа. Харин түүний эсрэг хашир туршлагатай Коло Турэ тун гайхалтай хамгаалан тоглосон юм.
Ливэрпүүл ирэх Лхагва гарагийн шөнө Капитал Уан Кап буюу Лигийн цомын хүрээнд Ноттс Каунти багийг Анфилддаа хүлээн аван тоглоно. Харин ирэх Ням гарагт бидний хүсэн хүлээсэн Английн хамгийн том Гранд Дэрби болох юм.
эх сурвалж: ливерпүүлфс Б.Бадруул