Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудыг 2017 оны анхны шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг Цагдаагийн хэлтэс зохион байгуулсан юм. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн 14 хоногт хийгдсэн үүрэг даалгаврын биелэлтийн мэдээллийг ЗДТГ-ын шуурхай ажил, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Одонтуяа танилцуулав.

Өнгөрсөн 14 хоногт Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин ихэсч байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх, онцгой анхаарч ажиллах, шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулах үеэр хэрэг зөрчил, осол гэмтэл гаргахгүй байх талаар анхаарч, урьдчилан сэргийлэх, ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдэд амьсгалын замын өвчнөөс сэргийлэх зорилгоор амны хаалт хэрэглэх ажлыг эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулах зэрэг 5 үүрэг даалгавар өгөгдөж, бүгд тодорхой түвшинд хэрэгжжээ.

Үүний дараагаар дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр баярын өдрүүдэд дүүрэгт ажилласан эргүүл, жижүүрийн талаар танилцууллаа.

Засаг даргын орлогчид, ЗДТГ-ын даргаар ахлуулсан ерөнхий эргүүл, жижүүрүүд баярын өдрүүдэд хариуцлагатай ажиллаж, байнга хяналт тавьж үүргээ маш сайн гүйцэтгэсэн байна. Өөрийнхөө оронд доод албан тушаалтнаа ажиллуулсан, хариуцлагагүй хандсан нэр бүхий 3 байгууллагын даргын цагаан сарын үеэр улирч ажиллуулахаар болов.

Үүний дараагаар Өрхийн эрүүл мэндийн төвөөс 14 хоногийн нөхцөл байдлын мэдээлэл хийв.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг хүүхдийн хүлээн авах тасагт хуваарийн дагуу ажиллуулснаар ачаалал харьцангүй гайгүй байсан байна. Хамгийн дээд тал нь 83 хүүхдийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлжээ.

ЭМТ-ийн Хүүхдийн тасаг нь 30 хүүхэд хүлээн авах багтаамжтай боловч одоогийн байдлаар 70 хүүхэдтэй, 30 орны нөөц гаргажээ. Хүүхдийн тоглоомын өрөө, хоолны өрөөг суллан хүүхдүүдийг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Мөн 70233464 гэсэн утсан дээр нэмэгдлээр эмч гарган томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллажээ. Өнгөрсөн баяр, амралтын өдрүүдэд дүүргийн хэмжээнд 7 эх төрж, Налайх дүүргийн иргэд бүл нэмсэн байна.

Дараагаар нь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсээс өнгөрсөн 14 хоногийн болоод 2016 оны гэмт хэрэг зөрчил, хэв журмын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн юм. Тус байгууллагууд баяр наадмын үеэр өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажилласны үр дүнд дүүргийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил, осол гэмтэл харьцангуй бага байсан байна.

Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнд ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа В.Батболд удахгүй орон даяар зохион байгуулагдах цэргийн тоо бүртгэлийн талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн Дулааны станцын дарга Ц.Минжинхүү шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд дулааны ажиллагаа ямар байсан, цаашид ямар арга хэмжээ авах талаар товч танилцуулав.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй болон Засаг дарга Ч.Раднаабазар нарын зүгээс хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Тухайлбал нийслэлээс “2017 оныг Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил болгон зарлах тухай” болгосонтой холбогдууланжилийн ажлын төлөвлөгөөнд байгууллагууд саналаа тусгаж өгөх, цэргийн тоо бүртгэлийг заасан хугацаанд нь зохион байгуулж явуулах, дулааны станц, холбогдох албаныхан хүйтэн байгаа байрнуудад газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцах, 2017 оны хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж энэ 7 хоногтоо багтааж ирүүлэх, хог болон мөстсөн замуудын цас мөсийг арилгахад аж ахуйн нэгжийг татан оролцуулж, шуурхай зохион байгуулах зэрэг хугацаатай үүрэг даалгаврыг байгууллагын удирдлагуудад өглөө.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …