Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг энэ сарын 7-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэхүү өдөрлөгийг “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцоно.
Ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэнэ. Солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэнч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой тул та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
“Номоо солилцъё” өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт, Д.Сүхбаатарын талбайд 12:00 – 13:00 цагийн хооронд зохион байгуулах аж.
Ийнхүү хамгийн анхны “Номоо солилцъё” өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, www.bookish.mn цахим хуудас зэрэг байгууллага дэмжин ажиллахаар боллоо гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.