Шатар сонирхогчдын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж,  өчигдөр шилдгүүд тодорлоо.

Энэхүү тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд шувтаргын тоглолтод 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцсноос 100 нь эрэгтэй, 34 нь эмэгтэй аж. Мөн АИХ-ын депутат, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Монголбанк зэрэг төрийн байгууллагууд, зарим яам, агентлагийн шатар сонирхогчид оролцож, оюун ухаанаа уралдуулсан юм.

Тэмцээний эцсийн дүнг танилцуулахад эрэгтэйчүүдийн төрөлд Нийслэлийн Баянгол дүүргээс оролцогч Э.Энх-Амгалан 8.0 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар байрт Баянзүрх дүүргээс оролцсон М.Алтангэрэл 7 оноогоор, гуравдугаар байрт Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал 6.5 оноогоор удаалав. Шагналт дөрөвдүгээр байрт Хөвсгөл аймгаас оролцсон Д.Хашхүү 6 оноогоор, тавдугаар байрт Сүхбаатар дүүргийн оролцогч Б.Бат-Эрдэнэ 6 оноогоор тус тус шалгарсан юм.

Эмэгтэйчүүдийн төрөлд Баянгол дүүргийн оролцогч Г.Отгонтуяа 7 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн бол Сүхбаатар дүүргийн оролцогч Л.Мөнхзаяа 6 оноогоор хоёрт орж, Сонгинохайрхан дүүргээс оролцсон М.Жаргалсайхан мөн 6 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.

Түүнчлэн шилдэг ахмад тоглогчоор АИХ-ын депутат 77 настай Д.Найданг тодруулсан бол “Оюунлаг түшээ”-гээр УИХ-ын гишүүн Г.Занданшатар 5.0 оноогоор тодорчээ.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, өнөөдөр дүнгээ гаргаж байна. Энэ тэмцээнд улс орны өнцөг булангаас оролцсон шатар сонирхогчид шатрыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд маш их хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлье гэлээ.

 

Шатар сонирхогчдын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн оролцогчдын шагналыг Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны өдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр гардуулах аж. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй ангилалд аваргаласан Э.Энх-Амгалан, Г.Отгонтуяа нар шатрын дэд мастерын болзол хангаж байгаа юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …