М.Уранцэцэг жүдо бөхийн дэлхийн аварга боллоо

Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро хотноо өчигдөр эхэлж, Монголын тамирчид эхний өдөр дэлхийн шинэ аваргаа өлгийдөн авлаа. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд медальтнууд тодорсон бөгөөд 48 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг жингийнхээ ангилалд аваргалж, эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медалийн эзэн болж, мөн тус жинд зодоглосон ОУХМ Г.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдсэнээр тавдугаарт байрт шалгарлаа. Ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилт дүүрэн эхлүүлсэн Монголын жүдочид тэмцээний эхний өдөр алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртсэнээр багийн нийлбэр дүнгээр дэлхийн 123 орны манлайд бичигдэж байна.

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу болж буй. Өнөө жилийн тэмцээнд өрсөлдөхөөр дэлхийн 123 орны 680 тамирчин ирэх олимпийн “нийслэл” хотноо чуулаад байна.

Монголын жүдо бөхийн түүхэнд дэлхийн аварга анхны эмэгтэй жүдоч болсон М.Уранцэцэг дэлхийн аваргын татамид 48 кг-ын жинд В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны жүдоч Марина Кротыг цэвэр, дараагийн барилдаандаа Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр, улмаар Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Ингээд дараагийн барилдаанаа  Бразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аварга тамирчныг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялж, Монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмж, шинэ амжилтын эзэн боллоо.

М.Уранцэцэг Монголоос төрсөн анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч. Харин хоёр дахь алтан медалийн эзэн. Өмнө нь 2009 онд Голландад болсон ДАШТ-ээс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар аваргын алтан медаль хүртэж байсан билээ.

ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ Д.Амартүвшингийн тухайд БНАСАУ-ын тамирчин Ян Хьёк-Чол, Морокко улсын тамирчин Яссин Моудатир, Австрийн Людвиг Пайшер нарыг ялж, улмаар хэсгийн аварга төлөө нутгийн жүдоч Г.Болдбаатартай таарсан. Дэлхийн аваргын дэвжээнд учраа таарсан тэдний барилдаанд Д.Амартүвшин ялснаар хэсгийн аварга болжээ. Ингээд Д.Амартүвшин хагас шигшээ барилдаанд Гүржийн Амиран Папинашвилиг цэвэр ялж, аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч, 2009 оны өсвөрийн дэлхийн аварга Наохиса Такатод ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болжээ.

Г.Болдбаатарын тухайд торгуулийн барилдаанд Казахстаны Асхат Телмановыг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Вон Жинд вазари үнэлгээгээр дийлдэв.  Мөн өчигдөр ДАШТ-ий дэвжээнд өрсөлдсөн Г.Отгонцэцэг 48 кг-ын жинд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын жүдоч Алексия Кузнецовад ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын жүдочдоос 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа нар, 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон нар хүч үзнэ.  Хэсгийн барилдаан Монголын цагаар 21.00 цагт эхэлнэ.
эх сурвалж: ньюс.мн С.Цэлмэг

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …