Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байна. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм.
Иймд малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг чиглэлээр шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.
Юуны өмнө өвөлжилт хүндрэх эрсдэлтэй дээрх 17 аймгийн 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан худалдан авч нөөцлөхөөр боллоо. Мал, мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдвэрлэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг ХХААХҮ-ийн сайдын урамшууллын зардлаас гаргах юм.