Сүүлийн арван сарын дотор гадаад худалдааны алдагдал 1.33 тэрбум ам.долларт хүрч, улмаар төлбөрийн тэнцлийн хөрөнгө санхүүгийн дансны ашиг 3.3 дахин буурсан гэсэн мэдээ байна. Засгийн газрын тэргүүн иргэдийг тайвшруулсан мэдэгдэл хийж байгаа ч Монголбанк инфляцийг бууруулахаар хэрдээ л чардайж байна. Эдийн засаг хүндэрч байгаа гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа ч харин Засгийн тэргүүн Н.Алтанхуягт үүнийг хүлээн зөвшөөрөх эр зориг, Эдийн засгийн хөгжлийн сайд “Фортуна” Батбаяр, Уул уурхайн сайд “Бридж” Ганхуяг нартаа ажлын хариуцлага тооцох хүсэл сонирхол алга. Харин тайвшруулах, цаг хожих, аргацаах байдлыг илүүд үзэж байна. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн үе үеийн төлөөллийг хүлээн авч уулзаж, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал солилцсон. Уг нь Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын ч бас санаа тавьж хийх ажил баймаар.
Гэтэл Засгийн тэргүүн айсуй аюулыг ер тоосон шинжгүй нэг ам.доллар 1585 төгрөгтэй тэнцэж буй нь тэгтлээ айхтар санаа зовоох асуудал биш гэж байгаа нь “сүх далайтал үхэр амгалан” гэгчийн үлгэр болох буй хэмээн сэрэмжилнэм. Хамгийн наад зах нь гадаад зах зээл дээрх үнийн уналт манай төсөвт төлөвлөсөн үнэд 40-50 хувийн дарамт учруулахаар байгаа юм. Улсын төсвийн алдагдал 720 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь хуулиар тогтоосон зохистой хязгаараас хэд дахин нэмэгдэж, ДНБ-ий 15-20 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч болзошгүй байгааг ч сөрөг хүчнээс сэрэмжлүүлсэн.
“Ноён” доллар галзуурч буй энэ цаг дор цахилгаан, дулаан, ус зэрэг суурь бүтээгдэхүүний үнийг бодлого, тооцоогүй өсгөсөн нь эдийн засгийг бүр хүндрүүлж орхилоо. Хэдийгээр хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөж, иргэдэд наалдацтай олон сайн ажлууд хийгдэж байгаа ч эдийн засагт ямар ч хяналт алга.
Иргэн бүр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг юунд зарцуулж байгааг мэддэг бол жинхэнэ тэр ардчилал болно. Гэтэл өнөөдөр төрийг хянах ёстой сөрөг хүчин нь ч энэ талаар огт мэдээлэлгүй сууж байна. Нөгөөдүүл нь ч мэдээлэх дургүй байна. Хэсэг хүмүүст эрх мэдэл хэт төвлөрхийн хэрээр хяналт алга болдог. Хяналт байхгүй улсад ардчилал шударга ёс сүйрэн үгүй болдог. Чингис бондын хүүнд өдөрт 300 сая буюу өдөрт 1 цэцэрлэг, 3 өдөрт нэг сургууль барих хөрөнгийг өгч байна гэсэн тооцоо бий. Нийт гадаад өр, зээлийн дүн 15.3 тэрбум ам.долларт хүрч ДНБ-ээс даваад байна. Эдийн засагт шуурга нүүрлэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Бид харин үүний эсрэг ямар арга хэмжээ авч чадах, хэр чадварлаг ахмадтай вэ?
Гурван сарын өмнө 1438 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1585 төгрөгт хүрээд байна. Улсын төсвийн бараг 80 хувийг бүрдүүлсээр ирсэн нүүрсний экспорт огцом буурсан нь эдийн засагт нөлөөлөх гол шалтгаан болсон болов уу. Дээрээс нь мэдээж хэрэг Монголын хамгийн том хөрөнгө оруулагч Оюутолгойн анхан шатны хөрөнгө оруулалт дууссантай холбоотой гадаадын хөрөнгө орууллалтын хэмжээ хоёр дахин буурсан зэрэг нь ноён доллорыг улам гааруулсаар байна.
Энэ нь эдийн засаг болоод иргэдийн амьдралд хүндээр тусч буй нь ойлгомжтой. Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал тун ноцтой байгаа ч Засгийн тэргүүн “Долларын ханш тогтворжсон, сүртэй зүйл ер байхгүй, тайван амгалан байцгаа, намайг гүтгэж байна” гэж амьдралаас хэтэрхий хөндий мэдэгдэл хийв. Гэтэл бодит амьдрал дээр байдал эсрэгээр байна. Засгийн газрын уян хатан бус, хэт улс төржсөн бодлогын үр дүнд Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд ороод байна. Хэлэлцээрийн ширээнд суух хүн нь Уул уурхайн сайд Д.Ганхуягийг гэхээр олон хүнд итгэл төрж өгөхгүй байх шиг. Төрийн албыг, тендер бүхнийг туршлага, мэргэжлийн үүднээс бус зөвхөн өөрийн намыг ивээн тэтгэдэг зоосны нүхээр харсан бодлого явуулсныхаа горын өнөөдөр тэд амсаж байна.
Энэ алдаатай бодлогын улмаас гадаадын хөрөнгө оруулалт үргэж, дотоодын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон нь нууц биш. Үнэндээ бол гарын арван хуруунд хүрэх үгүйтэй үндэсний томоохон хэдэн компани улсын төсвийн 70-80 хувийг бүрдүүлж, үлдсэн цөөхөн хэсгийг нь бусад компаниуд бүрдүүлдэг. Засгийн газрын улс төрийн ашиг сонирхлоор хувийн безнесийг хянах, хавчих гэсэн хэт явцуу бодлого нь дотоодын томоохон хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж “ноён” долларыг улам гааруулсаар байгаа юм.
Эрх зүйч Г.Нэргүй