Израйлийн “Масада” цайзын түүх

2011 онд миний бие Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор үүрэг гүйцэтгэж байлаа. Нэг амралтын үеэр Израйль, Египет зэрэг орнуудад ойрхон байгаа боломжоо ашиглаад үүргэвчтэй аялал хийхээр шийдэж, хамт ажиллаж байсан хошууч Л.Баясгалантай хамт гараад шидлээ. Эхлээд шууд Египетийн нийслэл Кайро хот руу нисэж хүрээд манай элчин сайдын яаманд очив. Яг тэр үед Кайро хотод цагийн байдал тогтворгүй, жагсаал цуглаан нэлээд болж байсан хүнд үе л дээ. Тэндээсээ хойд зүг рүү автобусаар Израйль улсыг зорив. Автобусаар явсаар байгаад египетийн хилийн “Таба” хот орж явганаар хил гараад израйлийн “Еилат” гэдэг хотод очиж хонов. Маргааш нь Иерусалим, Тель-Авив гээд үзэх ёстой хотуудаар нь аялж явсан. Буцах замдаа сөнөсөн тэнгисийн усанд сэлэх санаатай будилж яваад санамсаргүй тохиолдлоор нэг автобусад суусан чинь огт дуулаагүй нэгэн газар аваачдаг юм байна. Тэр нь одоо миний та бүхэнд сонирхуулах гээд байгаа “Масада” цайз байсан билээ. Энэ цайз бол маш эртний түүхтэй, үзэж харах зүйл ихтэй газар санамсаргүй явж байгаад очиж үзээд ирсэндээ баяртай үлдсэн шүү. Дээшээ гарахын тулд явган замаар өөрөө өгсөж болно эсвэл мөнгө төлөөд “кабин” шатаар хялбархан орой дээр нь гарч болдог. Та бүхэн Израйль улсад зочилбол заавал очиж үзэхийг зөвлөх байна.

“Масада” цайзын түүх

“Масада” бол Израйлийн өмнөд мужид байрладаг зэлүүд өндөр хадан дээр баригдсан эртний цайз, бэхлэлт юм. Газрын түвшинээс дээш 300 метр өндөр ба орой дээрээс нь сөнөсөн тэнгис 20 км-ийн зайд харагддаг.

Еврейчүүд бол зовлон үзсэн ард түмэн, тэд МЭӨ 722 онд Ассирчуудад дараа нь Вавилоны эзэнт гүрэн, Персүүд, Ромчууд гэх мэтчлэн олон улсад шат дараалан эзлэгдэж захиргаанд нь амьдарч байлаа. МЭ 66 оны үед ромд эзлэгдээд байсан жүдийн мужид ромын эзэнт гүрнийг эсэргүүцсэн бослого дэгджээ. Энэхүү бослогод хамгийн идэвхитэй оролцсон еврейчүүдийн бүлгийг “Сикарии” гэж нэрлэж байв. “Сикарии”-чууд нь махир хэлбэртэй хутга хийж зардагаараа ихэд нэрд гарсан хүмүүс байсан гэнэ. Гэвч МЭ 70 оны үед Ромын цэргүүд хүрэлцэн ирж Иерусалим хотыг эзлэн авч бослогыг цус урсган дарав. Энэхүү дайралтын дараа амьд үлдсэн еврэйчүүд хэдэн хэсэг бутарч тарсан ба тэдний зарим хэсэг нь энэхүү “Масада” цайзад ирж толгой хорогджээ.
“Масада”-г хагас цайз, хагас ордон гэж хэлж болно. МЭ 37-31 онд ромчуудад алба барьдаг Аугаа Херод хаан хэрвээ ямар нэгэн асуудал үүсвэл удаан хугацаагаар тансаг байдалтай хорогдон амьдрах зорилгоор энэхүү цайзыг энэхүү цайзыг өөртөө зориулан барьж байгуулжээ.

Зүйрлүүлж хэлбэл өндөр шовх уулын оройг тэгшхэн тайраад авчихсан юм шиг хадан хясааны ирмэгээр чулуун хашаа босгож хэрэм цайзыг барьсан гэж ойлгож болно. Мэдээж энэ бүхнийг барьж байгуулахын тулд маш нарийн инженерийн тооцоо, ур ухаан, нөр их хөдөлмөр орсон нь тодорхой харагддаг. Хадны орой дээр зарим хэсгээр хүчтэй салхи салхилдаг ба тэнд очих тахиралдаж, муруйсан ганцхан л замтай учраас цайзыг цэргийн хүчээр шууд дайран эзлэнэ гэдэг боломжгүй байв. Харин цайзыг бүрэн бүслээд, удаан хугацаагаар тэнд амьдарч буй хүмүүсийн хоол хүнс, усны хангамжийг нь таславал өлсөглөнд нэрвэгдсэн хүмүүс бууж өгөх магадлалтай байлаа. Гэхдээ тухайн үед “Масада”-ын оршин суугчид иймэрхүү аюул заналхийлэлд сайтар бэлтгэлтэй байжээ. Ажилчид нь чулууг нүхлээд борооны ус цуглуулах усан сан барьсан байна. Мөн том хэмжээний агуулахуудад хангалттай хэмжээний хүнсний нөөцтэй байв. Тэр ч бүү хэл цайз дотор тариа, ногоо ургуулах зориулалттай багахан хэмжээний ногооны газар хүртэл байжээ.
Ингээд ромчууд довтлон ирэх үед цайзад ойролцоогоор 960 еврейчүүд амьдарч байсны ихэнх нь энгийн хүмүүс байлаа. Тэднийг Елеазер Бен Яир гэдэг хүн захирч байв. Харин нөгөө талд босогч нартай тулалдаж сурсан 5000 ромын легионер цэргүүд байсан ба тэднийг жүдийн мужийн амбан захирагч Флавиус Сильва удирдаж байв. Тухайн үеийн ромын амбан захирагч нь хариуцсан нутаг дэвсгэр дээрээ засаг захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлэхээс гадна улс төрч, цэргийн жанжины үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ тухайн нутагт бослого гарвал түүнийг дарах цэргийн ажиллагааг гардан удирдаг журамтай байжээ.
Ромчууд “Масада” цайзын дэргэд ирмэгцээ хамгийн түрүүнд эргэн тойрны замыг нь хяналтад авч, бүрэн бүсэлж авчээ. Ингэхдээ инженерийн цэргүүд ажилдаа орж гадна талаар нь эргүүл хийж яваа цэрэг хэвийн явах боломжтой чулуун хана, 6 ширхэг жижиг чулуун бэхлэлт, хэд хэдэн цамхаг мөн хоёр томоохон цэргийн лагер барьж босгов. Мөн ромчууд цайзаас 280 метрийн зайтай хамгаалалтын шугам барьсан нь цайз руу ойрын зайнаас гэнэт дайрах зориулалтай юм. Мөн инженерүүд нь мод, чулуу, шавар ашиглан хамгаалалтын шугамаас цайзын хана хүртэл налуу урт тавцан барьжээ. Тавцангаар дээш өгсөөд цайзын хананд хүрээд түүнийг цөмлөх ба энэ цөмөрхийгөөр легионер цэргүүд дайран орох ёстой байсан юм. Дайралт эхлэхийн өмнөх шөнө олон ромчууд маргаашийн тулаанд хэн гэдэг азтай аавын хүү хамгийн түрүүнд цайзад нэвтэрч ороод баатарлаг явдлыг билэгдэл болсон “Маралис” алтан титэмийг шагнал болгон авч зүүх бол хэмээн мөрөөдөж байв.

Гэвч маргааш өглөө бүх зүйл өөрчлөгдсөн юм. Ромын цэргүүд цайз рүү дайран ороход тэдний өөдөөс ямар ч цэргүүд эсэргүүцэл үзүүлсэнгүй, харин олон зуун амьгүй болсон цогцтой таарав. Еврейчүүд ромчуудын эсрэг тулалдахын оронд эхнэр хүүхдээ алаад өөрсдийнхөө амийг хорложээ. Магадгүй ямар ч өршөөлгүй алуулах эсвэл боол болон бусдад худалдагдах эмгэнэлт хувь тавилангаа мэдэж байсан учраас ийм замыг сонгосон байж магадгүй. Энэ үйл явдлаар Жүдийн хувьсгал дуусгавар болсон хэдий ч “Масада” олон зуун жил оршин тогтносоор өнөөг хүрчээ.
 
Р.Энхболд

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …