С.Зоригийн хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрийнхэн өчигдөр мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ үеэр 24 жилийн ял сонссон Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Т.Чимгээг хилс хэргээр ял авлаа гэж та хэллээ. Шүүх хурал гэм буруутанг эцсийн байдлаар тогтоодог шүү дээ. Та хилс хэрэг гэдгийг юугаар батлах вэ?
– Саяхан УЕП М.Энх-Амгалан хэргээ далдлахын тулд дөрвөн хүнийг хүнийг шатааж алсан гэж мэдэгдсэн. Энэ хэрэг нууц, ер нь далд байгаа хэрэг шүү дээ. Гэтэл нууц хэрэгт холбоотой гал түймэр гарсан тухай нотломжийг би сая үзүүллээ. Энэхүү нотломжинд “цахилгаан ашиглалтын буруугаас гарсан гэх нь үндэслэлтэй” гэж тогтоогдсон. С.Зориг агсныг амь насыг хөнөөх үед манай дүү Дорноговь аймагт гурван хүүхэдтэй настай хөгшин ээжийгээ хараад гэртээ байсан. Мөн Т.Чимгээгийн 3-р ангийн хүүхдийнх нь сургуулийн журналаас хуулбарласан батламж байна. Ийм баримт нотолгоо байгаа учир цаадуул чинь шүүх хурлыг хаалттай хийсэн. Хэрвээ ямарч нотлох баримт байхгүй байсан бол шүүх хурлыг нээлттэй хийх байсан болов уу. Тиймээс л миний дүүд хилс хэрэг үүрүүлж яллачихлаа гэж бодож байна.
– Ц.Амгаланбаатар гэгч Т.Чимгээтэй хамтран хүний амь насанд хүрсэн гэж мэдүүлсэн гэсэн. Ер нь Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар ямар холбоотой хүмүүс вэ?
-Анх Чимгээг бэр болоод очиход нь Ц.Амгаланбаатар байсан. Хадмынх нь түүнийг өргөж авсан. Тэднийхээр орж гардаг байсан юм билээ. Ийм л холбоотой улсууд. Ц.Амгаланбаатарын хувьд зургадугаар ангиас эхэлж сургуулиасаа гараад болохгүй, бүтэхгүй зүйл хийгээд эхэлсэн юм билээ.
Ц. Амгаланбаатар Т.Чимгээ хоёрын хооронд хувийн өс хөнзөн байсан юм биш үү?
– Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн гэрээс гурван бурхан хулгайлж зарсан байдаг. Тухайн үед Т. Чимгээ түүнийг цагдаад өгч байснаас үүдэн таарамжгүй харилцаа үүссэн байж болзошгүй. Ер нь тэр үеэс л Ц.Амгаланбаатар Т. Чимгээд хандан “чамайг чаднаа” гэх зэргээр аль муухай үгээр заналхийлэх болсон.
Харин Содномдаржаагийн хувьд таксины жолоочийг алсан гэх хэргийг нь илчилсэн юм билээ. “Эрдэнэтийн мөрдөн байцаагч н.Эрдэнэбатад матсан” гэж Ц.Амгаланбаатар түүнд хонзогносон байсан. Мөрдөн байцаагч н.Эрдэнэбатыг “зааны тугал” гэж хочилдог. Тухайн үед хүүхэд нь автын ослоор өөд болсон байсан. Энэ үед Ц.Амгаланбаатар Содномдаржаа руу “Зааны тугал бурханы гэсгээл хүртсэн. Одоо та хоёрыг чадна аа. Одоо чи гэсгээл хүртнэ” гэж мессеж бичсэн байсан.
-Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан С.Зоригийг хөнөөсөн хэргээ далдлахын тулд 4 хүнийг шатаасан гэж мэдэгдсэн гэтэл та бүхэнд цахилгааны буруу ашиглалтын буруугаас болж гал гарсан гэж тайлбарлаж, баримт гаргаад ирлээ. Үүнийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулсан уу?
-Эрх бүхий Онцгой байдлын байгуулгаас гаргасан баримт бичгийг баримт гэхгүй бол өөр юуг баримт гэх юм бэ. Би энэхүү баримтыг өнгөрсөн жилийн намар Эрдэнэтийн онцгой байдлын газраас олж авсан. Галын дүгнэлтийг гаргасан шинжээч нь гал түймэр нь цахилгааны ашиглалтын буруугаас үндэслэлтэй эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн байтал Улсын Ерөнхий прокурор ийм мэдэгдэл хийж байх ч гэж. Эрхэм Прокурорийн хэлснээр тухайн үед ажилласан эрх бүхий байгууллага нь худал зүйл хийсэн байж таарах нь. Нотломж гэж байгаа энэ баримтыг баримт гэхгүйгээр худлаа юм яриад сууж болох уу.
Г.Нараа