Манай улсад тулгамдаж буй хамгийн гол асуудал ажлын байр. Иргэн нь тогтвортой орлоготой. Орлого нь амьдралд нь хүрэлцдэг бол нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудал шийдэгдэх сайн талтай. Энэ бүхэнд тооцоо судалгаа гаргаж, бодлого төлөвлөж хэрэгжүүлэх учиртай Монгол улсын Засгийн газар, нөгөө талаас иргэдийн эрх ашгийн төлөөх Ажил олгогч эздийн холбоо болон Үйлвэрчний эвлэл хамтран хоёр жилд нэг удаа хэлэлцээр хийдэг. 2017-2018 оны хэлэлцээр цалин, нийгмийн хамгааллыг бууруулахгүй, нэмэгдүүлэх бодлого баримтлах хатуу заалттайгаар талууд зөвшилцөж, гарын үсэг зурлаа. Энэ оны тухайд ажлын байрыг хэвээр хадгалах, нэмэгдүүлэхэд улсын төсөвт 61,5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төсвийн зарцуулалт, хэрэгжилт дээрх гурван талт хэлэлцээрийн бодлого, тусгагдсан зүйлстэй уялдаж явах юм.
Энэ удаагийн хэлэлцээрт цалингийн тогтолцоо ямар байх, хөдөлмөрийн хөлсний хэмжээг цаашид нэмэгдүүлээд явах нь зөв үү гэдэгт талууд харилцан зөвшилцжээ. Тухайлбал: Ажилтны ур чадвар, мэдлэг боловсрол, сахилга баттай уялдуулан цалингийн тогтолцоог нэмэгдүүлэх цаг болсон. Өөрөөр хэлбэл иргэн хэдий чинээ сайн ажиллаж, хөдөлмөрийн бүтээмж өндөртэй байна тэр чинээгээр цалинг нь тогтоодог байх энгийн тогтолцоог судалж хэрэгжүүлнэ гэж салбарын сайд Н.Номтойбаяр хэллээ. Мөн эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ цаг мөчид хувийн хэвшлүүд хаалгаа барьж, олон тооны иргэд ажилгүйдлийн эгнээг нэмэх болсон. Харин Засгийн газрын зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 373 компанийн дансыг нээж, эргээд төлөх боломжийг нь уян хатан болгосон. Цаашид ч ажлын байраа хадгалж, нэмэгдүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд боломж олгох, хөнгөлөлттэй зээлд хамруулах олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.
Монгол улсад идэвхитэй хөдөлмөр эрхлэж байгаа нийт хүмүүсийн 5,9 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгаа байдаг. Харин Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх талаар хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хороогоор шийдвэрлэсэн. Энэ дагуу нэгдүгээр сарын нэгнээс 240 мянга болсон. Нэгэнт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж 240 мянган төгрөг болгосон тохиолдолд хувийн хэвшлийн бага цалинтай хүмүүсийн цалин шууд нэмэгдэх ёстой гэж албаныхан мэдэгдэв.
Э.Ариун