Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьж буй Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын газар шорооны ажил үргэлжилж байна. Энэхүү ажлын явцтай Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал П.Бат-Эрдэнэ нар газар дээр нь очиж танилцсан байна. Төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Samsung C&T” компанийн инженерүүд ажлын явцыг тайлагнаж газар шорооны ажилтай танилцуулсан байна.
Өнгөрсөн жилийн хувьд гүйцэтгэгч компаниуд 112 хоног ажиллахдаа газар шорооны ажлын 12 хувийг гүйцэтгэсэн бол энэ жил 70 хоног ажиллахдаа 16 хувийн гүйцэтгэлтэй явааг энэ үеэр онцоллоо.
Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа хэлэхдээ “Төмөр замын ажил авто замынх шиг хурдацтай явдаггүй. Энд 15 км замд нэг сая шоо метр газар шорооны ажил хийгдэж байгаа. 10 метр өндөр далан барихад 20 см-ээр 50 үе явна. Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн 240 км төмөр зам тавихад13 сая шоо газар шорооны ажил хийгдэнэ. Энэ бол 1300 км авто зам барих ажилтай дүйцэхүйц газар шорооны ажил” хэмээн ярилаа.
Одоогийн байдлаар 12 компани ажил гүйцэтгэж байгаагийн нэг нь Хятадынх бусад нь дотоодын компани. Өнөөдрийн байдлаар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 860 орчим хүн, 600 гаруй машин, механизм ажиллаж байна.
Энэхүү замын ажлыг машин техник, хүн хүчээ нэмээд хугацаанд нь дуусгана гэж төлөвлөжээ. Доод суурийн бүтэц буюу далан байгуулах ажлын 90 хувь нь дууссан байна. Ингэхлээр ажлыг явц илүү хурдсаж байгаа гэнэ.
Ugluu.mn