БООЦОО

poker_screenАмьдрал тэр чигээрээ алдаж онохын дэнсэн тогтож буй хоромхон хугацаа. Бид бүхэн нүцгэн ирсэн шигээ нүцгэн буцна. Харин энэ хугацаандаа үргэлж л бооцоо тавьж байдаг. Зарим үед алдаж заримдаа ононо. Зарим нэг нь ганц удаа бооцоо тавиад л бүх амьдралаа бүтээдэг бол тэр бооцоо өөр нэгний бүх амьдралыг үгүй хийнэ. Би энд нөгөөх л улиг болсон улс төрийн тухай биш залуучууд бидэнд тулгарч байгаа сонголтын тухай өгүүлнэ.

Бид 2 сая илүү хүнд ахадмаар олон намтай. Тэр олон нам нь түүртмээр их олон бүлэглэлтэй. Харин залуучууд бид үзэл бодлоо илэрхийлж, олон нийтийн ажил хийе гэвэл дахиад л бидний өмнө бооцоо тавих шаардлага гарна. Хаана вэ? Ардын уу, ардчилсан, уу, ногоон уу, цагаан уу, эсхүл, хувьсгалт уу гээд өнгө алагласан бооцооны өмнө өөдөө явах гэсэн залуус нь зогсдог. Төрийн албан хаагч болоод үр бүтээл гарган ажиллаж байсан залуусыг өмнөх намын үед томилогдсон гэдгээр нь гудманд гаргаж байгаа нь “намгүй бол замгүй”-тэй адилхан юм байна гэсэн сэтгэгдлийг эрхгүй төрүүлнэ.

Нам дагаж баяжих гэсэндээ биш заримдаа ч гэсэн шаналсан сэтгэлээ дэвтээж эх орныхүү төлөө хийж бүтээх эрмэлзэлтэй залуус олон байдаг. Гэтэл тийм залууст эрх мэдлийн төлөөх харгис тоглоомын нэг тал болохыг шаарддаг. Зүгээр ч нэг бооцоо биш. Амь амьдрал, алдар нэр, хамгийн гол нь ирээдүйгээрээ бооцоо тавьдаг. Энгийн жишээ гэхэд, мөнгө тараасан хэрэгт буруудсан Увс аймгийн 2 залуу. Тараасан тэднийг өмөөрч байгаадаа биш. Мөнгө тараалгаад сонгууль луйвардаад явж байгаа 2 нөхөр нь зүгээр явж байгаа хэрнээ тараасан 2 нь ял авч байгаа нь шударга бус. Тэр 2 залуу ингээд ойрын хэдэн жилдээ л ял шийтгэл авч байсан гэсэн нэртэй хар мөртэй явна.

Буруу хүний гар хөл болоод тараагаад явж байгаа хүний буруу байж болох ч яагаад ингэх болов гээд бодохоор өнөөх л улс төрийн тоглоом бүлэглэл, ах дүүгийн ёс байж таардаг. Нам сүлжсэн улс төр, ам дамжсан хов живээр амьдарч байгаа хар хувцастай, ганган машинтай залуучууд амьдраад байна уу? Эсвэл амьдралаа зүгээр л үрээд байна уу?

Залуучууд бид бооцоо тавих биш боломж олгохыг зорьдог тийм нийгмийг, тийм хөгжлийг, тийм улсыг хүсч байна.

Ү.Амарбат

Ugluu logo

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …