“Монголика”

Улс орнуудыг их далайд аялах аварга том, олон хөлөг онгоцнуудтай зүйрлэж болно. Ойртон харвал тэдний дунд “Монголика” нэртэй, нэгэн багавтар хөлөг онгоц байна. Суурь өнгө нь цагаан ч нүүрсний утаа, үнсэнд дарагдаад хар саарал болсон энэ онгоц таван давхар тавцантай аж.

“Монголика” хөлгийн хамгийн дээд давхар нь тун тансаг юм. Дэлхийн сор машинууд, топ брэндийн шошготой хувцас хунар, бараа, архи дарс, хоол хүнсийг энэ давхрынхан хэрэглэж, өмссөн, зүүсэн гоёл чимэг, өрөөний хэмжээ, өнгө, загвараараа өрсөлдөх юм. Аялагчид голдуу л улс төрийн намын дарга, удирдлага, тэдний хамсаатан, бүлэг, фракцын гишүүд, цагдаа, шүүхийн дарга, тэдний хамтрагчид гэсэн нэр, хаягаа энгэртээ хаджээ. Түүн дээр бичигдсэнээс үзвэл ганц хоёр хувийн компанийн нэр хааяа, төрийн өмчит бараг бүх компанийн нэр байх аж. Хөлөг онгоцны нийт зорчигчийн хоёрхон хувь нь дээд давхарт залардаг ч, “Монголика”-гийн нийт баялгийн 80 хувь нь тэдэнд ногддог гэлцэнэ.

Дөрөв дэх давхрын хүмүүс голдуу л төрийн яам, тамгын газрын дарга нар, зарим компанийн захирал, цөөн тооны жүжигчин, дуучин байх юм. Мэдлэг, боловсролынхоо хүчээр гайгүй орлоготой амьдарч буй өндөр мэргэжлийн хүмүүс ч бас цөөнгүй байна. Айл бүр өөрийн гэсэн өрөөтэй. Нийт зорчигчийн арваад хувь нь энэ давхарт аж төрдөг аж. Сүүлийн үед олон хүн доод давхар руу шилжиж, багагүй зорчигч өөр хөлөг онгоц руу нүүн одож буй гэнэ.

Гурав дахь буюу дунд давхарт орлого нь зарлагаасаа арай илүү, түүнийгээ банкинд хадгалж, зээлийн орон сууцанд амьдарч буй айл өрхүүд бөгөөд тэд хүн амын тавны нэг орчим хувьтай тэнцэж байна. Хоёрдугаар давхарт харьцангуй олон буюу хүн амын дөчин хувь нь зорчиж буй. Тэдний орлого тогтмол биш, айлын хашаанд, эсвэл халаасны өрөөнд амьдарч, ганзагын наймаа голлон эрхэлдэг, ихэнх нь хоногийн хоолоо арай чүү олдог аж. Хамгийн доод давхарт ядуучууд буюу өдөрт хоёр доллароос бага орлоготой иргэд байх юм. Тэд нийт зорчигчийн хорин хувьд хүрсэн нь энэ хөлгийнхөн буурай хөгжилтэй ангилалд ордгийг батална. Нэг, хоёрдугаар давхрынхан бие биеэ нэлээд сайн таньдаг, харилцан зочлох нь тасардаггүй аж.

ТАЛДАА ХҮРТЭЛ “ЖИВСЭН” ТАВИАС ДООШ ОНООТНУУД

Их далайгаар аялаж буй эдгээр хөлөг онгоцны ёроолд аль хэр их ус хуримтлагдсанаас хамаарч, суулт, хурд, хүч нь ялгаатай байдаг. Хөлөг онгоц бүр аль болох бага цоор-хойтой байж, нүх гарвал яаралтай бөглөх, бэхлэх, дахин гарахгүй болгох бүх арга хэмжээ авахыг зорьдог ч үр дүн нь харилцан адилгүй юм. Авлига нэртэй нүхийг бөглөж чадсан хөлгүүд усанд бага сууж, хурдтай явж, эдийн засаг нь хөгжин цэцэглэж, хүн ард нь элбэг дэлбэг, дунд давхартаа дийлэнх нь амьдарч, хөлгийн удирдлагаа сонгон, үйлдлийг нь нийт иргэд хянаж чаддаг аж.

“Transparency international” байгууллагын зарласан 2015 оны “Авлигын төсөөллийн индекс”-ээр “Монголика” дэлхийн 168 орноос 72 дугаар байранд жагсчээ. 2014 оноос хойш 39 гэсэн оноо нь өөрчлөгдөөгүй нь авлигын цоорхой нь хэвээрээ буйг илтгэж байна. 2016 онд ч зарчмын нааштай өөрчлөлт гарахгүй байх. Зуун оноо авбал авлигагүй (ёроолдоо усгүй), тэг оноо авбал авлига ихтэй (ёроол нь усаар дүүрч, живж байгаа) орны тоонд багтдаг. 168 “хөлөг онгоц”-ноос гуравны хоёр нь, тавиас доош оноотой буюу хагас живсэн байдалд буй аж. Ёроол нь хуурай орнуудыг Дани 91, Финланд 90, Швед 89, Шинэ Зеланд 88, Голланд 87 оноогоор тэргүүлж, өндөр хурдтай өсөж яваа бол Хойд Солонгос найм, Сомали ес, Афганистан 11, Судан 12 оноогоор сүүл мушгиж, хөлөг онгоц нь живж байна.

Авлига ихтэй орнуудад эрх мэдэлтэй цөөнх нь албан тушаалаа ашиглан хөлжиж, олонход ноцтой хохирол учруулдаг бөгөөд өндөр түвшний авлигачид нь ихэнхдээ хуулийн хариуцлага хүлээдэггүй юм. Эдгээр орон дайн дажинтай, нийтийн засаглал ил тод бус, цагдаа, шүүх, хүчний байгууллууд нь эрх баригчдаас хараат, хэвлэлийн эрх чөлөөгүй зэрэг нийтлэг шинжтэй аж.

Харин авлига багатай орнуудад хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг, төсвийн зарцуулалтаа иргэд нь хянадаг, шүүх засаглал нь шударга байдаг.

ХӨЛГӨӨ АВРАХ АЛХАМ

Усан онгоцны бөөрийг жин, даацынх нь хамгийн зохистой түвшинд байхаар ялгаатай өнгөөр буддаг. Доод тал нь харагдах үгүйтэй усанд суусан хөлөг онгоц нь эдийн засгийн хувьд хамгийн өгөөжтэй хурдалж чаддаг. Хэрэв онгоцны ёроол цоорвол дээд талын өнгөн хэсэг доошилж эхэлдэг. Хэрэв цоорхойг (авлигыг) бөглөж, орсон усыг (гэмт хэргийг) нь цэвэрлэж чадахгүй бол хөлөг онгоц аажмаар живнэ. Өөр сонголт үгүй.

“Монголика” дээр том том авлигын хэргүүд сүр дуулиантай зарлагддаг ч төдхөн таг чиг болчихдог. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл авлигатай тэмцэхийн төлөө биш, сүржин мэдээллээр далайлган, “хаалтын гэрээ” байгуулж, шагнал авах зорилготой гэлтэй.

Авлигатай тэмцэх газрын дарга асан Ч.Сангарагчаа “Бид өч төчнөөн тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгаад, илрүүлдэг ч, тэр бүхэн прокурорын байгууллага, шүүхийн шатандаа замхарч байна. Тэр байтугай Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуульд төрийн өндөр дээд албан тушаалтнууд олноор хамрагдаж, хэргийн хариуцлагыг хүлээлгүйгээр мултарсан” гэж 2011 онд мэдэгдэж байсан нь одоо ч хэвээр байна.

Энэ авлига гэдэг нүх нь томорсоор, үүнийг нь бөглөхгүй, алдсан усыг нь цэвэрлэхгүй явсаар “Монголика” гэдэг хөлөг онгоц живж байна. Үүнийг дагаад бүх давхар тэр чигээрээ живнэ гэдгийг ойлгож, анхаарч буй хүн одоогоор харин цөөн бололтой. Авлигатай улс яаж зовдгийг Хойд Солонгос, Сомали, Суданы онгоцноос харахгүй байна уу, монголчууд аа? Та бид хэдий болтол намын нэрээр нүүрэндээ халхавч зүүсэн дээрэмчдэд дарлуулах юм бэ? Улс төрийн намууд удирдлага санхүүжилтийн тайлангаа гаргахгүй, хуулиа зөрчөөд буйг хэзээ зогсоох юм бэ? Хандив нэрээр Монголоо зарчихлаа шүү дээ. “Монголика” чинь “Титаника” болжээ.

Төрийн эрхийг барьж ирсэн улс төрийн намуудын удирдлагыг ядаж шүүхэд өгье. Их хурал, Засгийн газар, шүүх засаглалын удирдлагад байсан, одоо буй хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмчлөхийг хориглох цаг болжээ. Живж үхэхээсээ өмнө амьтан хүртэл сарвалздаг биз дээ, ах дүү нар аа!

Д.Жаргалсайхан

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …