-УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороодоор нэгэнт хэлэлцээд эхэлсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг энэ долоо хоногийн хэлэлцүүлгийн явцад дээрх шийдэл рүү шахах, хөтлөх гэсэн оролдлого өрнөж байгаа аж-
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын “Ростех” компаниас худалдан авсан “Монголын зэс” корпорацийг хүнд байдал руу түлхэх гэсэн улс төрийн сонирхол энэ долоо хоногт идэвхжих бэлтгэл хангагджээ. Хувийн хэвшилд очсон энэхүү 49 хувийг “төр хураан авахаар боллоо” гэсэн ташаа мэдээллийг тодорхой эх үүсвэрээс цацаж, ингэхдээ УИХ-ын дарга, эрх баригч намын дарга М.Энхболдын мэдэгдэл мэтээр мэдээлсэн нь чухамдаа “бэлтгэл” хэсэг байжээ.
Харин үүний цаад зорилго нь УИХ-аас томилогдон “Эрдэнэт” үйлдвэрийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд нөлөөлөх, нэг үгээр бол “49 хувийг төрд хураан авах нь зүйтэй” гэх саналыг уг ажлын хэсгээр “хэлүүлэх” явдал юм байна. Нэг үгээр бол УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороодоор нэгэнт хэлэлцээд эхэлсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг энэ долоо хоногийн хэлэлцүүлгийн явцад дээрх шийдэл рүү шахах, хөтлөх гэсэн оролдлого өрнөж байгаа аж.
Хоёр улсын хуулийн этгээдүүдийн хооронд гэрээ, төлбөрийн нөхцөлтэйгөөр хийгдсэн худалдааг хууль бус хэмээн үзэх үндэслэл байвал маргааныг Арбитрын шүүхээр хэлэлцүүлэн таслах ёстой ч асуудлыг тэр хүртэл явуулахгүйгээр шийдвэрлэх хамгийн дөт бөгөөд болхи арга нь үнэндээ улс төрийн шийдвэр байж таарна. Тийм ч учраас “Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшил худалдан авсан”-ыг буруутгадаг улстөрчид, түүний цаана нуугдаж буй бизнесийн сонирхол бүхий бүлэглэлүүд эцэст нь парламентын шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого хийж байгаа бололтой.
Үнэндээ “М.Энхболд Эрдэнэтийн 49 хувийг төрд буцаан авах шийдвэрийг эцэслэн гаргав” гэх цуу мэдээлэл нь сошиал орчинд тархахтай хамт УИХ-аар хэлэлцэж буй Ажлын хэсгийн дүгнэлтийн дараа хэрхэн ямар шийдвэр гарах бол гэсэн хүлээлт үүсээд байна. Үүнээс үүдээд “Эрдэнэт” үйлдвэрийг Оросын талаас худалдан авсан үйл явц хуудуутай гэж Ажлын хэсэг дүгнэсэн байлаа ч төр засаг нь хувийн хэвшлээсээ арай дээрэм хийхгүй байх гэсэн эргэлзээ олон нийтийн сүлжээнд давамгайлж байгаа нь харагдаж байв.
Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийг хувийн хэвшилтэй 51×49 хувиар хамтран эзэмшихэд боломжгүй зүйл үгүй гэдэг байр суурь олонтаа давтагдаж байгаа ч хэрэв үүнээс татгалзахдаа хүрвэл 49 хувийг худалдаж авах ёстой гэж үзэх ажиглагчид олон байдаг.
Юутай ч, төр Эрдэнэтийн 49 хувийг хурааж авах уу, худалдаж авах уу, эсвэл цаашаа энэ хэвээрээ хамтран ажиллах уу гэдэг асуултууд Ажлын хэсгийн дүгнэлтийн хэлэлцүүлэгтэй хамт нэг хэсэгтээ л үргэлжлэх бололтой. Хэрэв төр 49 хувийг худалдан авахдаа хүрвэл Оросын талд хэдийнэ төлөгдсөн 400 сая ам.долларыг шууд гаргах шаардлагатай болох юм. Энэ нь ойролцоогоор хоёр их наяд төгрөг.
Үүнээс гадна Оросын талтай хийсэн худалдааны гэрээгээр бол гуравдагч этгээдэд дамжуулан зарах бол 100 сая төгрөг нэмж төлөх шаардлагатай болно гэсэн мэдээлэл бий. Засгийн газар ирэх гуравдугаар сараас гадаад зээлийн төлбөрт 580 сая ам.доллар төлөх асуудалтай байгаа дээрээ нэмээд тийм их хэмжээний үнийн дүнтэй худалдаа хийх шийдвэр гаргаж чадахгүй л болов уу.
Нөгөөтээгүүр хувийн хэвшлээс өмчийг нь хурааж авах шийдвэр гаргана гэвэл өнөөгийн эрх баригчдын нэр хүнд гадаад, дотоодгүй унах эрсдэлтэй юм. Гадаадын хамтрагчид маань нүүрээ буруулж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын таатай орчныг нэхэж шаардаж байгаа үед дотоодын хөрөнгө оруулагчдын зориг зүрхийг мохоосон шийдвэр гаргах нь бас юу л бол?!
Гэвч тийм эрсдэлтэй шийдвэр рүү “Эрдэнэт”-ийг шахахаар оролдож байгаа хүмүүс эхний удаад цуу мэдээлэл хэвлэлээр цацаад амжлаа. Араас нь ажлын хэсгийн дүгнэлтийг “шахаа”-нд оруулах оролдлогоо ч үргэлжлүүлэх байх. Харин үүнээс хэн юу хожих тооцоотой юм бол гээд бодохоор “Эрдэнэт” үйлдвэрт хяналтгүйгээр, урьдын адил шахах хийх гэсэн хүмүүс л хожиж тараах гээд байдаг. Энэ долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт хаашаа эргэхийг харах л үлдлээ.