Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, озэки Кисэносатод Ёкозуна цол олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Японы үндэсний спорт сумо бөхийн дэвжээнээ 19 жилийн дараа Японы сумоч анх удаа Ёкозуна цолтон болж байна. Хамгийн сүүлд япон бөхчүүдээс их аварга Ваканохана 1998 онд Ёкозуна цол хүртэж байсан юм. Тэгвэл түүнээс 19 жилийн озэки Кисэносато энэ сарын башёд 14 даваатай түрүүлснээр Ёкозуна цол хүртэхээр боллоо. Кисэносатогийн хувьд дээд зиндаа буюу макүүчи зиндаанд 73 башёг үдсэн бөгөөд 1926 оноос хойшхи сумогийн түүхэн дэх хамгийн урт хугацааны дараа Ёкозуна цолонд хүрсэн бөх болж байна. Сонирхуулахад, 2003 онд их аварга Таканохана зодог тайлснаас хойш япончууд сумогийн дэвжээнд өөрсдийн гэсэн аваргатай байгаагүй юм. Дашрамд дурдахад, Ибараки мужаас төрсөн шинэ Ёкозуна Кисэносато өдгөө 30 настай юм.