Саят Исембаев: “Рэкитер-3” киноны ихэнх зургийг Монголд авна

“Рэкитер” киноны Саяны дүрээр Монголчууд, залуусын танил болсон Казахстан улсын жүжигчин Саят Исембаев манай улсад ирээд байгаа. Тэрээр 2015 онд “Рэкитер-2” киноныхоо нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Монгол Улсад анх удаагаа ирж байлаа. Тэгвэл энэ удаад Монгол дахь найзуудынхаа хамтаар сайн үйлсийн аянд нэгдэхээр ирээд байхад нь түүнтэй ярилцлаа.

-“Саян” аян замдаа сайн явж ирэв үү. Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа. Улаанбаатар хотыг хараад анх ирж байсан сэтгэгдэл хэр өөрчлөгдөв?

– Сайн явж ирлээ. Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Үнэхээр сайхан хүлээж авлаа. Монголчууд, найзууддаа баярладаг шүү. Өнөөдөр өглөө буулаа. Онгоцноос буугаад шууд наашаа ирсэн болохоор шууд тийм, ийм гээд сэтгэгдэл хэлэх нь онц биш болов уу. Гэхдээ энэ удаа ирэхдээ Улаанбаатар хотыг бохир байна л гэж харлаа. Монгол залуус хүчирхэг шүү. Хотоо цэвэрхэн байлгах тал дээр анхаараарай гэж захимаар санагдлаа.

-Энэ удаа Л.Бүжинлхам гэх охин туслахаар ирсэн байна. Охины талаарх мэдээллийн анх хаанаас олж сонссон бэ?

-Казахстанд байхдаа элэг шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орох шаардлагатай Л.Бүжинлхам охины тухай сонссон. Монголд, Казахстанд, дэлхийд гээд маш олон өвчтэй хүүхдүүд өвчиндөө шаналж байна. Тэдэнд багахан ч болов тус болох юмсан гэж бидний хэсэг найзууд ярилцдаг байсан. Ингээд Л.Бүжинлхам охины талаарх мэдээллийг сонсож, найз нөхдөөрөө дамжуулан холбогдсон.

Монголын ард түмний зүгээс өвчинтэйгөө тэмцэж байгаа Л.Бүжинлхам охинд тусламжийн гараа сунгана гэж найдаж байна. Мөн бяцхан охинд туслаарай гэж уриалах байна. Казах түмний дунд “Хэнд туслана түүнд хариу нь ирдэг” гэсэн зүйр үг байдаг.

-Таныг “Рэкитер” киноны Саяны дүрээр Монголын залуус сайн мэднэ. Мөн сайн үйлсийн аянаас гадна “Рэкитер” киноныхоо дараагийн ангийг хийхээр ирсэн гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Рэкитер уран сайхны кино Монголын залуусд таалагдсанд баяртай байна. 2015 онд киноныхоо хоёрдугаар ангийн нээлтээр Монголд ирж байлаа. Эндээс гуравдугаар ангийг нь хийх санаа төрсөн л дөө. Гэхдээ энэ удаад зөвхөн зохиолтой танилцах, хэрхэн хийгдэх талаар ярилцахаар ирсэн. Цуврал киноны дараагийн анги далайцтай, сайн уран бүтээл байх ёстой. Энэ тал дээр анхаарч ажиллах нь чухал гэж боддог. Зохиол бэлэн болсон байна. Түүнтэй танилцана даа.

– Кино зураг авалт хаана явагдах вэ?

– Монголд ихэнх зургийг авч, Казахстан, Оросод үлдсэн зургуудыг авна гэж төлөвлөсөн.


-Төлөвшсөн Саяныг олж харах байх даа. Ингэхэд Саян /”Рэкитер” киноны дүрээр нь нэрлэв/
хэдэн хүүхэдтэй вэ. Гэр бүлийнхээ тухай танилцуулаач?

-Хүү, охин хоёртой. Том нь хүү 15 настай. Охин минь хоёр настай. Манай гэр бүлийн уур амьсгал халуун дулаан бадйаг. Намайг ажлаа тараад ороход охин минь “Аав аа ямар удаан явдаг юм бэ” гээд л хүзүүнээс зүүгддэг. /инээв/ Гэрт хүүхдүүд минь хүлээж байгаа гэж бодохоор сэтгэлд нэг л сайхан байдаг даа.

-Ярилцсанд баярлалаа. Манай улсад тавтай саатаарай. Мөн сайн үйлсийн аян болоод кино уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд ч бас өндөр амжилтыг хүсье. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдаг гэдэг үгийг сонссон. Бүгдээрээ нэгдэж, Л.Бүжинлхам охинд тусалцгаая гэж уриалмаар байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …