Өнгөрөгч дөрвөн жилд эрх барьсан Ардчилсан нам ард түмэнд хоёронтоо дүнгээ тавиулж, түүнээс хойш “шинэчлэлийн салхи” гэгч юмыг ярих болсон билээ. Ардчилсан нам удаан дуншиж, хэдэнтээ эргэж буцсаны эцэст сонгуульд ялагдуулсан намын удирдлагууддаа хариуцлага тооцож, шинэ даргатай болохоор болсон билээ.
Тэгвэл шинэчлэл, шинэ залуу үе гэж хэдэн мянган удаа ярьсан Ардчилсан намын хэсэг бүлэг нөхөд нөгөө л нэг хэдэн хуучин бурхинуудаасаа нэгийг нь сонголоо. Товчхондоо, Ардчилсан намын даргад анх таван хүн өрсөлдөхөөс эхлээд л намын дарга нь тодорхой болчихсон байсан энэхүү жүжиг ард иргэдэд итгэл найдвар төрүүлж, шинэ үе гарч ирнэ хэмээн төөрөгдүүлж байсан нь харамсалтай. Ардчилсан намын даргаар “Баянголын ван” хэмээгддэг С.Эрдэнэ сонгогдсон. Түүний хувьд Шонхор фракцид харьяалагддаг бөгөөд өмнөх дарга З.Энхболдтой нэг фракц. Нөгөө фракцгүй нам болно, намаа шинэчилнэ гэж яриад байсан АН дахиад л фракцийн нөлөөгөөр сонголт, томилгоогоо хийж, шинэчлэл хийнэ, шинэ залуу үедээ итгэл хүлээлгэнэ гэдэг нь худлаа байсан нь тодорхой боллоо. Мэдээж Ардчилсан нам бас нэг “З.Энхболд”-ыг сонгож намаа шинэчилнэ байхгүй.
Тиймээс л үүнийг нэмэгдэхүүний байр солигдсон нийлбэр өөрчлөгдөхгүй гэж хараад байгаа юм. С.Эрдэнийн хувьд АН-ын дарга болоод АН шинэчлэгдэнэ гэж байхгүй, харин ч уруугаа явна гэдгийг хүмүүс хэлж буй. Түүний хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үеэсээ л эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан, тэр ч бүү хэл хүний аминд хүртэл хүрч байсан гэх мэдээллүүд гарч байсан.
Мөн түүнийг Нийгмийн хамгааллын сайд байхад нийгмийн даатгалынхан нас барсан иргэдийн нэрээр нийгмийн даатгалын сангаас их хэмжээний бэлэн мөнгө идэж уусан хэрэг гарч үүнд сайдын нэр хүртэл холбогдож явсан. Гэтэл ийм муу нэртэй хүн АН-ын даргын сонгуульд илт давуугаар ялалт байгуулна гэдэг нь өөрөө их эргэлзээтэй. Тиймдээ ч тэр үү АН-ын даргын сонгууль булхайтай боллоо, ард иргэд сонголтоо хийж чадахгүй боллоо гэх хүмүүс олон байна.
Хамгийн гол нь, Ардчилсан нам гишүүд сонгогчдынхоо дуу хоолойг сонсч, тэднийхээ дэмжлэгээр 25 жил бугшсан идээ бээрээ шахаж, хуучин бурхинуудаасаа салж чадсангүй. Ерөөсөө л энэ удаагийн АН-ын даргын сонгуулийг хэдэн төгрөг олох гэсэн, анхнаасаа ялагч нь тодорхой байсан жүжиг гэж ойлгож болохоор байна.
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид аль аймаг, дүүргүүдэд ялалт байгуулсныг хүргэе.
- Архангай аймаг /С.Эрдэнэ/
- Дархан-Уул аймаг /С.Эрдэнэ/
- Чингэлтэй дүүрэг /С.Эрдэнэ/
- Баянзүрх дүүрэг /С.Эрдэнэ/
- Баянхонгор аймаг /С.Эрдэнэ/
- Булган аймаг /С.Эрдэнэ/
- Хөвсгөл аймаг /С.Эрдэнэ/
- Налайх дүүрэг /С.Эрдэнэ/
- Багахангай дүүрэг /С.Эрдэнэ/
- Баянгол дүүрэг /С.Эрдэнэ/
- Хан-Уул дүүрэг /С.Эрдэнэ/
- Төв аймагт /С.Эрдэнэ/
- Завхан аймаг /Н.Алтанхуяг/
- Баян-Өлгий аймаг /Н.Алтанхуяг/
- Ховд аймаг/Л.Гантөмөр/
- Багануур дүүрэг /Д.Эрдэнэбат/
- Сонгинохайрхан дүүрэг /Н.Алтанхуяг/
- Говь-Алтай аймаг /Н.Алтанхуяг/
- Хэнтий аймаг/Д.Эрдэнэбат/
- Дундговь аймаг /Н.Алтанхуяг/
- Өмнөговь аймаг /Н.Алтанхуяг/
- Өвөрхангай аймаг /Л.Гантөмөр/
- Сүхбаатар аймаг /Ж.Батзандан/
- Сэлэнгэ аймаг /Д.Эрдэнэбат/
- Орхон аймаг /Н.Алтанхуяг/
- Сүхбаатар дүүрэг /Л.Гантөмөр/
- Дорнод аймаг /Н.Алтанхуяг/
- Говьсүмбэр /1. Л.Гантөмөр/
- Дорноговь аймаг/1.Л.Гантөмөр/
- Увс аймаг /1. Н.Алтанхуяг/
Ямартаа ч, АН-ын даргад өрсөлдсөн бусад нэр дэвшигчдийн зүгээс С.Эрдэнийг мөнгө тараасан хэмээн АН-ын даргын сонгуулийн хороонд мэдэгдэж, нэрийг нь татахыг хүсээд байгаа юм.
Төгс