Бразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжилж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр болж, Монголын дөрвөн жүдоч дэлхийн аваргын татамид зодоглосон ч шагналын тавцанд гарч чадсангүй. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн медальтнууд тодорсон юм.
66 кг-ын жинд зодоглосон ОУХМ С.Мияарагчаа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Коста Рика улсын тамирчин Йан Санчо Чинчиллаг вазари үнэлгээгээр, улмаар Алжирын жүдоч Хоуд Зоурданиг цэвэр ялсан боловч дараагийн барилдаандаа дэлхийн аваргын хүрэл медальт, Испанийн жүдоч Сугои Уриартед цэвэр ялагданаар тэмцээнээ дуусгажээ. Мөн тус жинд өрсөлдсөн ОУХМ Д.Төмөрхүлэг эхний даваандаа бүдрэв. Жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлж буй тэрбээр эхний барилдаанаа дэлхийн аварга, Украйны Георгий Зантарайатай хийж, вазари үнэлгээгээр дийлджээ.
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин М.Бундмаа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Израилийн Рони Шварцийг вазари үнэлгээгээр буулган авсан ч дараагийн барилдаандаа Германы жүдоч Марин Краед цэвэр ялагдсанаар дэлхийн аваргын татамиг орхисон юм. Мөн 52 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ А.Цолмон эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Израилийн Гили Кохенд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болно. Монголын жүдочдоос 73 кг-д Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин С.Ням-Очир, 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа нар хүч үзнэ. Хэсгийн барилдаан Монголын цагаар 21.00 цагт эхэлнэ.
эх сурвалж: ньюс.мн С.Цэлмэг