Аливаа улс орны хайрлан хамгаалж, харамлах ёстой хамгийн үнэтэй зүйл болж газар. Тиймдээ ч гадаадын иргэнд урт хугацаагаар газар эзэмшүүлэх хуулийн заалт байдаггүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэгвэл энэхүү заалтыг зөрчсөн шийдвэрийг хотын дарга асан Э.Бат-Үүл 2013 оны зургаадугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын “Сентури лэндмарк” ХХК-нд таван жилийн хугацаатайгаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 19,000 м2 газрыг олгож байжээ.
Гадны иргэн болон компанид урт хугацаагаар газар эзэмшүүлэх хуулийн заалт байхгүй байсаар атал хотын дарга асан Э.Бат-Үүл яагаад ийм их хэмжээний газрыг хятадын компанид өгөх болов гэдэг асуудлыг нэгэн иргэн хөндөж газар олголтын цаана авлига хээл хахуулийн асуудал байж болзошгүй хэмээн үзэж хууль хяналтын байгууллагад хандах болжээ.
Ямартай ч тус компанид газар олголт хийгдсэн гэх газрын гэрчилгээ нь баримт болон үлдсэн учраас энэ асуудлаас үүдэн хотын дарга асан Э.Бат-Үүл болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга асан Ш.Төмөрбаатар нар олон нийтийн анхаарлыг татах боллоо. Угтаа бол АН-ын үед газрыг дуудлага худалдаа нэртэйгээр шоу хийж байсан ч энэ мэтээр дарга нар нь “хурган” дарга нартайгаа нийлж гадны компанид хэдэн зуун саяар зарсан бол гэсэн асуултыг иргэд тавьж байна.
Тухайлбал өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны дарга асан Н.Батсүх хятад иргэнд иргэдийн газрыг хууль бусаар өгч 200 сая төгрөгөөр зарсан гэх асуудал өдгөе хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа.
Яг үнэндээ дарга нарыг ханцуй дотроо өөрсдийнх нь газрыг өөрсдийнх нь бичиг баримтыг ашиглан бусдад өндөр үнээр дамлан зарж байхад иргэд Өмч, газрын харилцааны албаны үүдэнд үүрийн харанхуйгаас үдшийн бүрий хүртэл хэдэн өдөр дугаарлаж, эцэст нь сугалаагаар азаа үзэн цөөн тооны хүн арай хийж уулын мухар, хогийн цэгийн хажууд 0.05 га газартай болж байсан.
Гэтэл иргэдээ газартай болгоно хэмээн уриалж байсан хотын дарга асан Э.Бат-Үүл яагаад гадны компанид ийнхүү таван жилийн хугацаатайгаар газар эзэмших зөвшөөрөл өгөх болов гэдэг нь хачирхалтай.
Хэрвээ уншигчид санаж буй бол Э.Бат-Үүл УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтэд дараах сүржин мэдээллийг хийж байсан удаатай. Тэрбээр “Ард түмний дунд “газрын мафи” гэж нэрлэгдсэн бүлэглэлийн үйл ажиллагаанаас манай хотод учирч байсан хохирлын зарим баримтыг олон нийтэд дэлгэх нь зүйтэй гэж үзэж байна.
Дэлхийн банкны 2015 оны “Монгол Улс, Улаанбаатар хотын газрын харилцаа ба менежмент” гэсэн тайлан гарсан. Энэ тайланд Улаанбаатар хотод газрыг дэлхийн жишгээр үнэлж орлого олсон бол ямар хэмжээний орлого олох бололцоотой байсан бэ гэдгийг 2012 он хүртэлх газар олголтын үйл ажиллагаанд судалгаа хийж, тогтоосон.
Энэ дүнгээр үлэмж их хэмжээний орлого алдагдсаныг анх удаа гаргаж ирсэн. Нийт 29.6 их наяд төгрөгийн дүн гарсан. Хэрвээ энэ мөнгө орж ирсэн бол Монгол Улсад 26 мянган сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байсан байна. 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор 24 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн дүн гарч байсан. 2030 он хүртэлх төлөвлөгөө нь нийслэлийн шинэ хот байгуулах төлөвлөгөө.
Тэгэхээр бүхэл бүтэн шинэ хот барих хэмжээний орлого орж ирээгүй байна. Энэ мөнгө хаашаа орсон нь ойлгомжтой. Ийм их хэмжээний баялгийг хяналтандаа байлгаж байсан бүлэг, газрын наймаачид, мөнгөө төлөөд төрийн байгууллагыг өөрсдийнхөө төлөө ажиллуулдаг байсан бүлэглэл тэр боломжийг алдахгүй байхын төлөө улайран, тэмцэж байна.
Бид ч ийм зүйл болно гэсэн эрсдэлийг тооцож байсан. Тийм ч учраас манай сонгуулийн уриа ухрах уу, урагшлах уу гэж байгаа. Тэр газрын наймаачид эдийн засгийн ямар их хүч чадалтайг манай иргэд мэднэ. Асар их эд баялгийг хяналтандаа авчихсан үнэхээр хүчирхэг хүмүүс. Тиймээс алхам тутамдаа харлуулах, гүтгэх, гүжирдэх, ямар л арга байна тэр бүгдийг хийж байна” хэмээн мэдэгдэж байсан.
Энэхүү сүржин, даржин мэдээллийг хийж байсан Э.Бат-Үүл хууль зөрчин байж яагаад гадны компанид газар олгочиховоо хэмээн дээрх мэдээллийг өгсөн иргэн бидэнд хэлж байсан юм.
Юутай ч АН-ын үед төрөөс төрсөн тэрбумтнуудын тоог олноор нь нэмсэн иймэрхүү асуудлууд хууль хяналтын байгууллагад дуудагдан шалгагдаж хэдий хэрийн хэмжээний том газрыг гадна дотны иргэдэд үнэ хүргэн зарсан бэ гэдгийг бид хүргэх болно.