ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ирсэн. Мөн манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхээс хамаараад ирэх сарын 21 -нд төлөх Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлтийг шийдэх юм. Тиймээс дээрх асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ирж байна. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ирж байгаа вэ?
-ОУВС-гийн төлөөлөгчид гурав хуваагдан ирж байгаа. Тухайлбап, эхнийх нь өнөөдөр /өчигдөр/ ирж байна. Дараагийнх нь маргааш /
өнөөдөр/, үлдсэн нь ирэх ням гаригт ирэхээр болсон.
-Энэ удаагийн уулзалтаар ОУВС-гийнхан тодорхой шаардлага тавих уу. Эсвэл шууд эцсийн шийдвэрээ гаргах уу?
-Энэ удаагийн уулзалтыг сүүлийнх гэж ойлгох хэрэгтэй. Хэлэлцээр эцсийн шатандаа орсон,
-Тэгэхээр “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх асуудал нэг талдаа гарна гэсэн үгүү?
-Ирэх сарын 15-ныг гэхэд хэлэлцээрийг дуусгаж нэг тийш шийдэх төлөвлөгөөтэй байна.
-Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг ямар эх үүсвэрээр төлөхөөр байгаа вэ.Одоо болтол тодорхой мэдээлэлгүй байна?
-2-3 хувилбар ярьж байна. Үүний зэрэгцээ ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрийн хүрээнд ч асуудлыг ярьж байгаа. Дээрх хувилбарын аль нэгээр Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг хугацаанд нь төлнө. Гэхдээ одоогоор аль нь вэ гэдгийг эцэслээгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямар ч байсан өрөө төлөх 2-3 хувилбартай байна гэж ойлгох хэрэгтэй
-Япон улсаас тодорхой хэмжээний зээл хүссэн. Хариу ирүүлсэн болов уу?
-Ганц Япон гэлтгүй олон улсын зах зээлээс хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бид хүсээд байна. Бидэнд нааштай хариу өгнө гэж найдаж байгаа. Эдгээр зээлийн хариу удахгүй тодорхой болно.
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх нь тодорхой болсноор Хөгжлийн банкны өрийг хэрхэн төлөхийг шийднэ гэж ойлгож болох уу?
-Нэг багцаар буюу хамт шийднэ гэсэн үг.
М.Өлзий
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин