Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар ЭЗ-ийн байнгын хороо хэлэлцэв

 Энэ сарын 3-ны өдөр Эдийн засгийн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төслийг тохиролцжээ. Уг зээлийн хүү жилийн 0.15 хувь, хугацаа 28 жил бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм байна. Уг зээлийн хөрөнгөөр дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслүүдийг 100 хувь санхүүжүүлэх бөгөөд зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдсаны дараа хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Польшийн талд хүргүүлэх аж. Зээлээр хэрэгжүүлэх төслийг Польш Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, компани гүйцэтгэх бөгөөд тухайн экспортлогчийн Монгол Улсад нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 60 хувь нь тус улсын гарал үүсэлтэй байх үндсэн шаардлагыг тавьжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 83.2 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …