Ж.Ариунаа:Тархины эдийн цус харвалтын үед бүлэн хайлуулах эмчилгээ хийдэггүй

Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч, Клиникийн профессор, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ж.Ариунаатай ярилцлаа.

-Харвалтын өвчлөл , нас баралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, жилээс жилд залуужсаар байна. Шалтгаан нь юу бол?

-Манай улсад төдийгүй дэлхий нийтэд насжилт уртассантай холбоотойгоор харвалт буурахгүй байна. Өндөр хөгжсөн Япон, Европын орнууд хавдрын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүн амын дундах харвалтын талаарх мэдээллийг сайжруулах, даралт ихсэх өвчний эмийн хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч байгаа. Харин хөгжиж буй ядуу буурай орнуудын хувьд нийгмийн бодлогоор асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Манай улсад харвалтын насны бүтэц залуу байгаа. Харвалт 50 наснаас дээш арван жил тутамд хоёр дахин ихэсдэг. Сүүлийн жилүүдэд 15-45 насны залууст харвалт нэмэгдэж буй шалтгаан нь ахмад настнуудад тохиодог эрсдэлт хүчин зүйлээс өөр юм.

-Эрсдэлт хүчин зүйлүүдийн талаар тодруулахгүй юу?

– Өндөр настнуудын хувьд судас хатууралт, сахарын өвчин, даралт ихсэхтэй холбоотой. Залуусын хувьд эдгээрээс гадна даралт ихдэлтээ хянахгүй байх, цусны өөх ихдэх, амьдралын хэв маяг, стресс голлон нөлөөлж байна. Эрчүүдийн хувьд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах нь судасны хатууралт үүсэх нөхцөл болдог. Харин төрөх насны эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах эмийг байнга хэрэглэх нь харвалтын эрсдэлт хүчин зүйл болдогийг тэр бүр мэддэггүй. Мөн толгой нүцгэн явах нь толгой өвдөх, архаг өвдөлт үүсэх нөхцөл болдог. Мигрен өвдөлт, толгой таллаж, хүчтэй өвддөг хүмүүс харвах эрсдэлтэй.

-Залуус фитнессээр хичээллэх болсон нь сөргөөр нөлөөлдөг гэж сонссон?

-Фитнессийг мөн тохируулах хэрэгтэй. Хүний зүрх минутад 60-80 цохилдог байтал хүчтэй ачааллын үед хоёр дахин ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор харвалт өгөх эрсдэлт хүчин зүйл болох магадлалтай. Уураг хэрэглэснээс боллоо, зүрхний ачаалал нэмэгдсэнээс болсон гэх зэрэг бодит онош тогтоож байгаагүй ч тамирчид өөрсдийнхөө даралт, зүрхний цохилтыг хэмжиж дадах хэрэгтэй. Үүнээс гадна залуучуудын харвалтад нөлөөлдөг гол хүчин зүйл бол зүрхний хавхлагийн өвчин юм. Зүрхний хавхлагийн төрөлхийн гажгийг хүүхэд байхад нь хагалгаа хийж эмчлэх боломжтой. Хоолойны ангенна зэрэг өвчнөөс үүдэлтэй олдмол хавхлагийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

-Шилэн хүзүүгээр хөших нь даралт ихэсч буйн нэг шинж тэмдэг мөн үү. Даралт ихэсч байгааг яаж мэдэх вэ?

-Ер нь даралтын аппаратаар хэмжиж мэдэх нь хамгийн найдвартай. Гэхдээ даралт бага зэрэг ихэссэн тохиолдолд шилэн хүзүүг нүдний угаар хөших, толгой өвдөх, нүд бүрэлзэх, сульдах, нойронд өөрчлөлт орох шинж тэмдгүүд илэрнэ. Даралт бага зэрэг өөрчлөгдөхөд ийм шинж тэмдэг илэрдэг. Даралт хүчтэй өөрчлөгдөхөд толгой хүчтэй өвдөх тохиолдол бий. Тийм болохоор даралтаа хэмжиж хэвших нь хэрэгтэй. Даралт ихэссэн тохиолдолд эмчид үзүүлж, шинжилгээ хийлгээд бие даасан даралт ихсэх өвчин үү, хоёрдогчоор даралт ихсэх өвчин үү гэдгийг эрт оношлуулах нь зүйтэй.

-Хоёрдогчоор даралт ихсэх гэдэг нь өөр өвчнөөс шалтгаалсан гэсэн үг үү?

-Тийм. Бөөрний дээд булчирхайн өвчин, бөөрний судасны нарийсал гэх мэт архаг өвчнүүдээс үүдэж даралт ихэсдэг. Тийм бол энэ өвчнөө эмчлүүлэх хэрэгтэй.

-Тэгвэл харваж байгаа хүнийг яаж мэдэх вэ?

-Дэлхий дээр жилд зургаан сая хүн шинээр харвалтаар өвдөж байна. 2030 он гэхэд энэ тоо 7.5 сая болох хандлагатай байна гэсэн судалгаа гарсан. Харвасан тохиолдолд шинж тэмдгийг нь мэдээд аль болох хурдан эмнэлэгт хандах хэрэгтэй. Харвалт хоёр янзаар явагддагийг иргэд тэр бүр мэддэггүй. Эхнийх нь тархины цус хомсрох харвалт буюу тархины гол артерийн судаснууд бөглөрөх юм. Энэ тохиолдолд хараа өөрчлөгдөх, хэл яриа тультрах, гуйвж дайвах, гар хөлийн мэдээ алдах шинж тэмдгүүд илэрнэ. Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гурван цагийн дотор манай эмнэлэгт авчрах хэрэгтэй. Тэгвэл бөглөрсөн судсыг бүлэн хайлуулах эмчилгээгээр онгойлгож, эд эсийг үхжихээс сэргийлж чадах юм. Эмчилгээний энэ шинэ арга манайд нэвтрээд гурван жил болж байна.

Нөгөө нь тархины эдийн цус харвах хэлбэр. Өндөр даралтаас болоод судас ачааллаа даахгүй хагарснаас болж тархины эд эс рүү маш их хэмжээний цус юүлэгдэж ордог. Энэ тохиолдолд толгой хүчтэй өвдөх, дотор муухай оргих, бөөлжих, огиулах, татах, ухаан алдах шинж тэмдгүүд илэрнэ. Ийм үед яаралтай түргэн тусламж дуудаад даралт их байгаа бол даралтыг буулгах, бөөлжсийг амнаас нь гаргах зэрэг яаралтай арга хэмжээг авч аль болох ойрын эмнэлэгт очих хэрэгтэй. Гэтэл иргэд эхний гурван цагийн дотор гуравдугаар эмнэлэгт очно гэж ойлгоод хаа холоос тээвэрлэж ирдэг. Налайх, Шувуун фабрикаас ирэх замдаа тухайн өвчтөн маш их цус алдаж өвчин нь даамжирсан байдаг. Ийм үед түргэний эмчийн заавраар ойрын эмнэлэгт хандаж амь насыг нь аврах тусламжийг юун түрүүнд хүргэх хэрэгтэй.

-Иргэдийн дунд тал харвасан, бүтэн харвасан гэх яриа байдаг. Үүнийг яаж ялгах вэ?

-Тал бүтэн харвалт гэж байдаггүй. Манай эмнэлгийн зорилго бол ямар хэмжээтэй, хаана байрласан, ямар хэв шинжийн харвалт байна гэдгийг оношилдог. Тэгээд бүлэн хайлуулах, мэс засал хийх, ангиграфикийн шинжилгээ хийх зэрэг нарийн төрөлжсөн тусламж үзүүлэхийг зорьдог. Тархины гүнд байрласан жижиг харвалтыг дүүргийн эмнэлэгт эмийн эмчилгээгээр эмчлэх бүрэн боломжтой.

-Харвалт бүрэн эдгэрэх магадлал хэдэн хувьтай байдаг вэ?

-Эдгэрэх магадлалыг ярих хэцүү. Харвалтын хэв шинж, байршил, хэмжээнээс хамаарч эдгэрэлт янз бүр байдаг. Захын байрлалтай, том хэмжээний цус тархинд байх юм бол мэс заслын аргаар соруулж авна. Хэл ярианы төв дээр байршсан харвалтаас хэл ярианд өөрчлөлт орохоос биш гар хөл саажихгүй. Гар хөлийн саа, хэл яриа засдаг сэргээн засах эмчилгээ болон эмийн эмчилгээний үр дүн удаан хугацааны дараа харагддаг. Хүний эд эс богино хугацаанд гэмтдэг ч эргэж сэргэхдээ удаан хугацаа шаарддаг. Нэгэнт гэмтсэн эс эргэж сэргэнэ гэж байхгүй. Харин түүнийг орлон ажиллах эсүүдийн үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийдэг. Тухайн өвчтөнөөс болон ар гэрийнхнээс маш их тэвчээр, хичээл зүтгэл шаардана.

-Гуравдугаар эмнэлэгт гадаадад хийлгэдэг стенд тавих эмчилгээг энэ жилээс хийж эхэлсэн. Эмчилгээний үр дүн ямар байна?

– Гүрээний артерийн өндөр зэргийн нарийсалтай үед цусан хангамжийг сайжруулах зорилгоор стенд тавих эмчилгээг хийдэг.Тархинд хийх өндөр хөгжсөн нарийн стендүүдийг энэ жилээс хийж эхэлсэн. Тусгайлсан өндөр нарийн мэргэжлийн эмч хийдэг. Үр дүн сайн байгаа.

-Та анагаах ухааны салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Би 32 дахь жилдээ ажиллаж байна. Мэдрэлийн эмчээр 27 жил, гуравдугаар эмнэлэгт 17 жил, анагаах ухааны хүрээлэнд гурван жил ажилласан. Тархины артерийн даралт ихдэлтийн шалтгаант тархины эдийн цус харвалтын эмийн эмчилгээний сэдвээр судалгааг хийж, харвалтын чиглэлээр тодорхой хэмжээний менежмэнт, өөрчлөлтийг хийх зорилготой ажиллаж байна. 2010-2013 онд Мянганы сорилтын сангийн төсөл хэрэгжихэд ажиллаж байлаа.

Б.НАРАНЧИМЭГ

dnn.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …