Э.Амарбат:Төв аймгийн прокурорын газраас Л.Гансүхийг магадлангаар суллагдах шаардлага хангасан гэж танилцуулсан

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад хохирол учруулсан гэх хэргээр гурван жил зургаан сарын хорих ял шийтгүүлсэн Л.Гансүхийн магадлангаар суллагдах хугацаа болсон талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж хэвлэлээр ярьж байна. Л.Гансүх өөрөө ч Төв аймгийн Мөнгөн морьтын шоронгоос захидал бичиж, хэвлэлд нийтлүүлсэн билээ. Бид энэ талаар өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.АМАРБАТ-аас тодрууллаа.

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх хэдэн удаа хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдах асуудлаар прокурорын байгууллагад хандаад байна вэ?

Эхний удаад Төв аймгийн прокурорын газарт хандсан. Хорих анги өөрөө материал бүрдүүлж ирүүлэх ёстой. Тэр материал дутуу байна гээд прокурор буцаасан гэж би ойлгосон. Хоёр дахь удаад Улсын ерөнхий прокурорын газарт хандсан. Ерөнхий прокурорын газар аймгийн прокурорын газрын шийдэх асуудлыг өмнүүр нь орж шийдэж болохгүй. Ийм учраас аймгийн прокурорын байгууллага шийдэх ёстой гээд аймагт нь шилжүүлсэн. Ялтан Л.Гансүхийн ил захидал хэвлэл дээр тавигдсан байна лээ. Ил захидал нийтлэгдсэнтэй холбоотойгоор ял эдэлж байгаа байдалтай газар дээр нь танилцах чиглэлийг Улсын ерөнхий прокуророос Төв аймгийн прокурорын газарт өгсөн. Төв аймгийн прокурорын газраас тухайн хүний зан байдлаараа засарч хүмүүжсэн байдал, ял эдэлсэн байдалтай газар дээр нь очиж танилцсан.Энэ үед үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, хүсэлт гаргасан талаар бидэнд эргээд мэдэгдсэн.Ингээд гурав дахь удаагаа хандсаных нь дагуу прокурор хянаж үзээд шүүхэд шилжүүллээ.

Тэгэхээр Л.Гансүхийн хувьд нааштай шийдэгдсэн гэсэн үг үү?

Шаардлага хангаж байна гэж танилцуулсан. Нөгөөтэйгүүр, Төв аймгийн прокурорын газраас танилцах үеэр Л.Гансүх өөрөө бичгээр дахин хүсэлтээ гаргаж өгсөн байна лээ. “Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж. Ингээд өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр прокурор дүгнэлт бичиж материалыг Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Одоо шүүх хурлаараа хэлэлцээд хорих ялаас үлдсэн хугацааг нь тэнсэн суллах эсэхийг нь шийднэ.

Ялтныг хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллахад ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ?

Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд, хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд шүүхээс оногдуулсан ялын ½-ээс доошгүйгэдэлсэн тохиолдолд тэр хүний үлдсэн хорих ялыг тэнсэж болно гэж заасан байдаг. Гэхдээ бас давхар шалгууртай. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын гэм хорыг арилгасан байх шаардлагатай. Нөгөө талаар, зан байдлаараа засарч хүмүүжсэн байх шалгуур тавьдаг. Шүүхээс Л.Гансүхэд хүндэвтэр гэмт хэрэгт гурван жил зургаан сарын хорих ял шийтгэсэн. Одоогийн байдлаар Л.Гансүх биеэр нэг жил долоон сар 18 хоногийн ялыг эдэлсэн байна. Ял эдлэх хугацаанд нь урамшуулсан шагналын хоног гурван сар 28 хоног байна. Ингээд үзвэл, нэг жил 11 сар 10 гаруй хоногийн ялыг энэ хүн эдэлжээ. Энэ нь өөрөө хуульд заасан нэг шаардлагыг хангасан байна. Л.Гансүхийн хувьд хохирлоо нөхөн төлсөн. Хоёрдугаарт, зан байдлаараа засарч хүмүүжсэн юм уу гэдгийг бид харж үзэх ёстой.

Зан байдлын хувьд засарч хүмүүжсэн гэдэгт юу хамаардаг вэ?

Энэ хүн ял эдэлж байх хугацаандаа шагналын хоног хэрхэн авч байсан юм. Ял эдлэх хугацаандаа хөдөлмөрт хэрхэн хандаж байсан юм. Хорих анги байгууллагаас даалгасан үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байсан юм. Бусадтай хэрхэн харилцсан юм. Хамт ял эдэлж байгаа бусад ялтан этгээдэд ямар эерэг нөлөө үзүүлсэн юм гэх мэт олон шалгуурыг харгалзан үзэж байж хугацаанаас нь өмнө тэнсэн суллах эсэх асуудлыг шийддэг. Дан ганц ялын эдлэх хувийг эдэлснээр тэнсэн суллах шаардлага шууд бүрэн биелэнэ гэж ойлгож болохгүй. Энэ байдалтай Төв аймгийн прокурорын газар танилцаж үзээд бидэнд хариу мэдэгдсэнийг түрүүн хэллээ.

Бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан юм уу?

Өөрт нь шүүхээр оногдуулсан хохирлын дүнг барагдуулсан.

Төв аймгийн прокурорын газраас танилцаад Л.Гансүхийг магадлангаар гаргах шаардлага хангасан байна гэж үзсэн гэж ойлголоо. Шүүх энэ асуудлыг хэзээ хэлэлцэх бол?

Хуулиар тэдэн хоногийн дотор шийднэ гэж нарийвчлан заасан хугацаа байхгүй. Шүүх удахгүй шийдэх байх гэж бодож байна.

Л.Гансүх ил захидалдаа хэн нэгэн албан тушаалтан нөлөөлсөн учраас өөрийг нь магадланд оруулахгүй байгаа талаар дурдсан байсан. Прокурорын байгууллагад төрийн эрх мэдэлтэн нөлөөлж болдог юм уу?

Олон шаардлага, шалгуур хангасан байвал хугацаанаас нь өмнө тэнсэн суллах эсэх асуудлыг ярьдаг гэж түрүүн хэлсэн. Би үүнтэй холбоотой ганц тоо хэлье. Өнгөрсөн 2016 онд хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдахаар 1800 орчим ялтны материал прокурорт ирж, 400 орчим ялтны материалыг буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл, прокуророос хянаж үзээд “Эдгээр ялтныг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах боломжгүй байна. Шалгуур, шаардлагыг хангаагүй байна” гэж үзсэн гэсэн үг. Ингээд бодоход дөрвөн хүний нэг нь буцдаг. Ийм тохиолдол байдаг. Энэ бол төрийн байгууллагын эрх үүргийн хүрээнд хуульд нийцүүлж явуулж байгаа л ажиллагаа. Үүнд хэн нэг хүн нөлөөлсөн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Нөгөө талаас прокурорын байгууллага төвлөрсөн удирдлагатай, хараат бус байгууллага. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх хуулиар хориглосон асуудал.

Эх сурвалж: Сэтгүүлч Г.Улсболд /www.itoim.mn/

prokuror.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …