Курд, Курдистан гэж хэн бэ?

Mанай гаригийн 40-50 улсад эрх чөлөө дутагдаж байгаа, тэдгээр нь АНУ-ын гадаад бодлогын төвлөрөх цэг (Ж.Буш); XXI зуунд уналтаа хүлээж буй 44 дарангуйлагч (М.Палмер); Цагаан ордны хяналт дор ажиллах Шинэ халифат  буй болгох Шинэ Ойрхи Дорнод төлөвлөгөө гэх мэт олон номлол Вашингтоноос бэрхшээл туулан хэрэгжүүлж байна. Тэдгээрийн дотроос хамгийн их амжилт олж мэдэх, ардчиллын үлгэр жишээ болчихоор “Их Курдистан” хэмээх төслийг нэрлэх нь зүйтэй.

“Их Курдистан” бол дөл бадарсан, гал дүрэлзсэн Их Oйpхи Дорнодод  хэрэгжиж буй цорын ганц зөв төсөл ба Саудын Араб тэргүүтэй Персийн булангийн монархуудаас дэмжлэг авч буй, ойрын ирээдүйд Ирак, Сириэс, хэтдээ  Иран, Туркээс “нутаг дэвсгэр” салгаж авах аугаа их геополитикийн тоглолт хэмээн үзэж болно.

Курдуудыг “Тавдугаар цуваа” бол­гох энэ хөзрийг ХХI зууны Кур­дистаны үндэсний-ардчилсан хөдөл­гөөн (хувьсгал), эсвэл үндэсний-эрх чөлөөний хувьсгал ч гэж нэрлэхэд буруутахгүй. АНУ-ын толгойлсон эвслийн цэрэг орж ирэн Саддамын дэглэмийг нурааж, “Иракийн эрх чөлөө” кампани эхэлсний бараг мар­гааш нь л курдууд иракчуудаас салж хаалгаа хааж авсан. Ирак нь холбооны улс болсноо тунхагласан 2005 оны Үндсэн хуулиар Иракийн Курдистаны  автономит статусыг нийт иракчууд хүлээн зөвшөөрсөн. Саддамын үед ч ийм эрхийг нь зөвшөөрч байсан ч 2005 оноос хойш “хагас тусгаар тогтнол” гэж үзээд тэд иракчуудаас үүрд салан холдсон ажээ.

2012 онд Сирид курдууд Си­рийн Курдистаны нэг хэсгийг эзлэн авч өөрийгөө эзэн мэдэж захирах курдын районыг зарласан, тэгмэгц нь Ираны эрх баригчид  курдын сөрөг хүчинтэйгээ хэлэлцээ эхлүүлэх санал тавьсан, Туркэд курдын эсрэг байлдаан өрнүүлдэг байснаа болиод энх тайвны арга зам эрэлхийлдэг болсон гэх мэт “Курд хөзөр”-ийн ид шид харагдаж эхэлжээ.

“2013.09.21” гэж тэмдэглэлт өдөр Курдистаны түүхэнд бичиг­дэнэ. Тэр өдөр Иракийн Курдистанд парламент ба Ерөн­хийлөгчөө бүх ард түмнээрээ сонгох ёстой. Дараа нь өрнөх үйл явцыг нь би хашилтад хийлээ. Сонгуулийн кампани барууны биш юм аа гэхэд лав араб маягаар өрнөсөнгүй. Улс төрийн 36 нам хэдийдээ ч бий болгочихсон юм, тэд нь өрсөлдөж буй. Гэхдээ эрх мэдэлд хүрч чадах  10 хүрэхгүй нам, эвсэл анхаарлын төвд байв. Төрийн тэргүүн М.Барзанийн тэр­гүүлдэг Курдистаны ардчилсан нам, Иракийн Ерөнхийлөгч Ж.Тала­банийн тэргүүлдэг Курдис­таны эх оронч холбоо, сөрөг хүчний “Горан” (Өөрчлөлт) хөдөлгөөн, Лалын бүлэг (Жамаа исламия), Курдистаны лалын холбоо гэх мэт. 2009 онд дэвшүүлсэн Үндсэн хуулийн төсөл бүх ард түмнээсээ дэмжигдэх нь сонгуулиас дутахгүй ач холбогдолтой. Иракийн Курдистан нь “Холбооны автономит муж улс” гэж тэнд бичигдсэн. Энэ муж улс нь дотроо 15 мужтай, христианчууд болон езидчүүдийн шашин шүтэх эрхийг баталгаажуулсан, бүх үндэстэн ястан, тэдний хэл соёл тэгш эрхтэй гэж хуульчилжээ.

Одоо бичигдэх сэдэв бол зөвхөн цаасан дээр байгаа төсөл. Төслийн нэр Нэгдмэл Курдистан. Туркийн Диярбакыр хотоор нийслэлээ хийх турк, сири, ирак, ираны курдуудын нэгдсэн төрт-улс. Төслийн санаачлагчид нь  Турк, Иракийн курд үндэстнүүд.

Тэр  Курдистан нь 450 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Туркийн 20 сая, Ираны 11 сая, Иракийн 7 сая, Сирийн 3 хүртлэх сая гол төлөв курд үндэстнээс (бараг 50 сая руу дөхнө) бүрдэх улс байна. Удам судрыг нь сөхвөл лав 1000 жилийн түүх бичигдэнэ. Тигр, Ефрат хоёр мөрний сав газар, Загрос хэмээх уулархаг нутагт аж төрж асан иран гаралтай, ихэнхи нь лалын суннит урсгалыг шүтдэг, гэхдээ шиит, алавит, езид, христиан нэлээдгүй бий. Сүмэрийн үеэс Карда (Karda, Qarda) хэмээх нутагт “Гүти” (Guti) хэмээх ард түмэн “Гүтюм” (Gutium) хэмээх улсад бий хэмээн түүхэн эх сурвалжид буй. Түүнээс хойш Garda, Qurti, Karduch, Gorduch, Gortukh, Gortai-kh, Gurd, Qardu, Kurdaye, Qurdaye, Qadu, Akrad гэхчлэн олон хэлнүүдэд энэ үг хэвшиж, одоо бол Курдистан, курд гэдэг дээр тогтсон. Араб, перс, монгол, оттоманы гээд гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн гарт дарлагдаж явсан түүхтэй.

Сельжукийн хаадаас эхлээд Курдистан нь нэгдмэл үндэстэн гэж яваа, Оттоманы султаан Явуз Селим тэдэнд тусад нь засаг захиргааны нэг байгуулж өгсөн, 1848,  1867 оны нутаг дэвсгэрийн тухай хуулиар Курдистаны нутаг дэвсгэрийг тодорхойлж байсан ба ХХ зуунд “Курдистан” хэд хэдэн удаа төрж байжээ. 1920-иод онд Туркийн нутагт Бүгд Найрамдах Араратын Курд Улс гурван жил оршин тогтнож, 1946 онд Ираны Курдистанд Мехабадын Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж байв.

Төсөл санаачлагчид түүхэн баримтуудыг дурдахын сацуу төсөл хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагаа Ирак, Сири дэх улс төрийн хямрал курдуудыг зэвсэгт тэмцэлд босгоод тэд нь төрт улсаа байгуулахаас аргагүй болж буй гэсэн байна. НҮБ-ын Дүрмийн хүрээнд нэгдсэн төр улс байгуулах эрхийг тэр ард түмэн өөрөө шийднэ гэсэн байх юм. Хорин жил байлдаж 2 сая хүнээ алуулсан Суданы дайны дараа Өмнөд Судан тусгаар тогтнолынхоо төлөө санал өглөө, хэн дараагийнх нь вэ гэхчлэн мэдээ мэдээлэл зөндөөн.

Нэгдмэл Курдистан бол одоогоор төсөл, мөрөөдөл. Хэрэгжих эсэх нь бүрхэг. Өвөр хоорондоо тийм сайнгүй, Ираны курдууд нь тусдаа улс байгуулж байсан уламжлалаа дагаад тэндээ өөр нэг Курдистаныг гаргаад ирэх нигууртай. Лалын шашны олон зууны уламжлал нь ардчилал, эрх чөлөө рүү хэт тэмүүлэхийг нь хязгаарлана. СССР-ийн үед Курдистаны коммунист нам байгуулан санхүүжүүлэн бужиг­нуулсан түүх хуучраагүй. Хуучин СССР-ийн нутагт этник курдууд маш олноороо бий, Герман зэрэг евро­пын хотуудад курд цагаачдын хорооллууд олноор байдаг, тэд нь ямар өнцгөөс харж байгаа нь тодорхойгүй.

Ямар ч л гэсэн Иракт Масуд Барзани Ерөнхийлөгчтэй, Жаляль Талабанийн дэмжлэгтэй тусгаар тогтносон Курдистан өөрийгөө тунхаглах нь эхний алхам болно. Барзанийн удмынхан бол Ираны Мехабадаас гаралтай курд удмынх.  Тэр утгаар Иранд нөлөөтэй байж бас болно.

Туркэд олон жилийн баатарлаг, зарим талаар терроризмын түүхтэй Курдистаны ажилчны нам гэж байна. Курдын автономит нэгж байгуулах гэж тэмцэж яваа. Лидер нь Абдулла Ожалан гэж нөхөр одоо шоронд сууж байна. Энэ намыг Европын шүүх террорист байгууллагын хар данснаасаа 2008 онд хассан. Салих Муслим Мухаммед гэж өөр нэг лидерийн нэр дуул­дах боллоо. Тэрээр Нэгдмэл ардчил­­­­сан намаа байгуулж, дэмж­лэг нэлээдгүй аваад байгаа болол­той. Масуд Барзани, Жаляль Тала­бани, Абдулла Ожалан, Са­лих Муслим Мухаммед гэх нэрс ирээдүйн Нэгдмэл Курдистаны удирдагчдын нэрс дотор явахыг хэн байг гэхэв. Турк, Сири хоёр дайсагнаж байгаа өнөөгийн нөхцөлд хоёр улсын хил дамнаад нэг Курдистан гараад ирнэ гэх итгэл алга. Харин Багдад, Дамаскийн харилцаан дунд тийм нэг Курдистан гараад ирэх магадлалтай.

Учир нь Иракт гол сөрөг хүчин байгаа Аль-Иракия альянс Сирийн босогчдыг дэмжиж байна. Аль-Иракия бол Лалын ахан дүүс-ийн салбар, Саудын Арабаас мөнгөждөг. Сирийн Засгийн газрыг тэд сулруулна, Сирийн курдын район илүү ихээр бие даана, бие даасан тэр район руу нь Иракийн курдууд мөнгө зэвсгээр цутгаж байна. Эцэстээ нэгдэн нийлэх хөрс нь байна. Ирак зүүн хилээ хянаж хүчрэхгүй, ийм л дүр зураг бууж байна. Ирак-Туркийн харилцаа тааруухан байгаа. Туркийн агаарын хүчин Иракийн хилийг байнга зөрчин курд босогчдоо авладаг нь Багдадын зүгээс бөөн эсэргүүцэлтэй тулгарна. Иймд тэр хавиас нэгдмэл улсыг одоогоор төсөөлөлтгүй.

Энэ мэтээр курдууд Анкара-Дамаск-Багдадын гурвалжин дунд хавчигдаад буй. Энэ гурвалжингаас ухаалгаар мултран гарах хөзрийн тамга АНУ, магадгүй Европын Холбооны гарт байж болох. Салих Муслим Мухаммедын хувийн тоглолт гэж яригдах боллоо. Масудаас тусдаа Башар Асадтай наймаалцаж байгаад Сириэс курдын нутгийг нь салгачих хувил­бар. Түүний Нэгдмэл ардчил­сан нам төвийг сахиж байна. Одоогоор Сири-Туркийн хил хавьд байрлаж байна. Түүний хувьд эхний ээлжинд автономит бүгд найрамдах улс л хангалттай. Шведэд 10 жил амьдарч байгаа курд Абдель Бассет Сейд гэж нэг нөхөр хэвлэлд бичигдэх боллоо. Тэрээр Сириэс гарч явсан цагаач, сирийн курдуудыг америк, европын лалын боевикуудтай хамтруулан тулалдаанд оруулахыг ятгагч. Курдууд гурван тийшээ харж тулалдвал (Сирид Асадын эсрэг, Иракт төв Засгийн газрын эсрэг, Туркэд Эрдоганы эсрэг) нэгдсэн Курдистан хэзээ ч бүтэхгүй.

Ингэхэд Курдистаныг тусгаар тогтнуулах нь хэнд ашигтай вэ, хэн хожих вэ гэдэг асуулт  хариулт хайж таарна. Цорын ганц хожих нь жүү­дийн төр улс байж болно. Жүүдүүд өөрийн мөнхийн өстөн арабчуудыг хагалж байна, арабчууддаа курдууд нь дургүй байна, тэд нэг гэрт хамтран аж төрөхгүй болно. Байнга занал­хийлдэг Иран бас хагарна. Хагарах тусам суларна. Лалын ертөнц Кур­дыг дагаад хөдөлгөөнд орно. Энэ бүхэн лалын доторхи анклавт байгаа Израильд ашигтай тусна. Израилийн энэ хүслийг АНУ харгалзаж таарна.

Тусгаар тогтносон Курдистан кур­дуудээс өөр аль ч улс оронд чухал биш гэж үзэх нь бий. АНУ-д энэ асууд­лаар нэгдмэл байр суурь байхгшй. Америкийн хувьд Туркэд автономит муж байхад хангалттай, учир нь НАТО-гийн холбоотон Туркээ сулруулахыг хүсэхгүй. Зарим мэдээгээр бол АНУ-тай зөв­лөл­дөж байж курдуудын эсрэг Турк байлдааны ажиллагаа явуул­даг. Орост Чеченийг хэрхэн дүгнэдэг билээ, яг тийм маягаар курдуудыг Туркэд, улмаар Вашингтонд дүг­нэдэг байж болно. Харин Ира­кийн Курдистан бол АНУ-ын хувьд бол өөр. Бараг Ойрхи Дорнод дахь америкийн бонус гээд ойлгочиход болно. Сирийн курдууд одоогоор АНУ-аас хол хөндий байна. Гол нь тэдэнд хэн ч тусгаар тогтнол, автоном амлаагүй, сирийн босогчид бол бүр ч таг чиг.

Судлаач проф. Д.Баярхүү

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …