-Шинэ бондын хүү болон хугацаа хэрхэн тогтох нь зах зээлийн нөхцөл, бодит эрсдлээс хамаарахыг албаныхан онцолж байгаатай зэрэгцэн Олон улсын Standart Poors байгууллага Засгийн газрын шинээр гаргах бондын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В- гэж тогтоосноо өчигдөр зарлажээ. Энэ нь өмнөх “Чингис” бондын С үнэлгээнээс ахисан үзүүлэлт болж байна-
Монгол Улс ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг буцаан төлөх ёстой ч энэ удаад уг бондыг Засгийн газрын шинэ бондоор солино гэдгээ хөрөнгө оруулагчдад даваа гарагт зарлажээ. Тодруулбал, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах тохиролцоонд хүрснийг хоёр тал хамтран хэвлэлийнхэнд мэдээлсний дараа Засгийн газрын шинэ үнэт цаасаар өмнөх бондыг солихоор шийдвэрлэж байгааг “Reuters” болон “Bloomberg” агентлагаар уламжлан мэдээлсэн байна.
Хөгжлийн банкны бондын төлөлт хугацаа тулсан байгаа хэдий ч Засгийн газрын шинэ үнэт цаасаар солих тухай мэдээллийг хөрөнгө оруулагчид нааштай хүлээн авах хандлага ажиглагдаж эхэлжээ. Тухайн өдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдрийн мэдээллийн дараа 2022 онд төлөх Засгийн газрын нэг тэрбум ам.долларын бондын өгөөж 6% орчим болж буурсан бол 2021 онд төлөх 500 сая ам.долларын “Мазаалай” бондын хүү 10.375%-иас 7% болж буурсан байна. Өмнөх бондыг Засгийн газрын шинэ бондоор солих шийдвэр эерэг хандлага дагуулахад ОУВС-тай тохиролцсон хөтөлбөр нөлөөлсөн гэж холбогдох албан тушаалтнууд үзэж байгаа аж.
Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны өмнөх бондуудын хүү буурч байгаа нь хөрөнгө оруулагчид Монголын эрсдлийн үнэлгээг бууруулан тооцож байгааг нэг талаар харуулж буй хэрэг. Нөгөө талаар цаашид Засгийн газрын болон хувийн хэвшлийнхний гадаад зах зээлээс босгох хөрөнгө оруулалт, эх үүсвэрийн суурь өртгийг төдий хэрээр хямдруулж буй таатай үзэгдэл гэж үзэж болох юм. Учир нь гадаад зах зээлээс босгох эх үүсвэрийн өртөг буюу “үнэ” нь Засгийн газрын бондын хүү дээр тухайн аж ахуйн нэгжийн эрсдлийг нэмж тооцох байдлаар тогтоогддог.
Засгийн газрын шинэ бондын хүү болон хугацаа одоогоор тодорхойгүй байна. Гуравдугаар сарын 21-нээр хугацаа дуусах 580 сая ам.долларын бондын хүү 8.5 орчим хувь байгаа ба сольж авах шинэ бондын хүү үүнээс өндөр байх нь ойлгомжтой бөгөөд Сангийн яамны урьдчилан тооцоолж буйгаар хугацаа нь 4-5 жил байх бололтой. Гэвч шинэ бондын хүү болон хугацаа хэрхэн тогтох нь зах зээлийн нөхцөл, бодит эрсдлээс хамаарахыг албаныхан онцолж байгаатай зэрэгцэн Олон улсын Standart Poors байгууллага Засгийн газрын шинээр гаргах бондын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В- гэж тогтоосноо өчигдөр зарлажээ. Энэ нь өмнөх “Чингис” бондын С үнэлгээнээс ахисан үзүүлэлт болж байна. Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны бондыг шинэ үнэт цаасаар солих нөхцөлийг ОУВС-тай тохиролцох явцад тус байгууллагын зүгээс “Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай цаашид хамтран ажиллах хэрэгтэй” гэдгийг зөвлөж байгаагийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчид буюу бонд худалдан авах, шууд хөрөнгө оруулах, зээл олгох эх үүсвэр, хамтрагчид Монголоос нүүр буруулахаас эмээх, зайлсхийх нь зүйтэйг сануулсан байна. “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хоёр тал гадаадын хөрөнгө оруулалт хумигдах ёсгүй гэсэн зарчмыг аль аль талдаа баримталж буй учраас “Монгол Улсад хөрөнгө оруулагч хэвээр үлдээч, үүний тулд өмнөх бондыг шинэ бондоор сольё” гэсэн санал тавихаар тохиролцжээ.
Засгийн газрын шинэ бондоор өмнөхийг солих замаар 580 сая ам.долларын төлөлтийг ийнхүү хугацаа хойшлуулан төсвийн тэнцэл сайжирч, эдийн засаг сэргэлт авсны дараа “авч хэлэлцэх”-ээр болж байгаа нь валют хомсдох, улмаар төгрөгийн ханш унах эрсдлээс нэг удаад аварч чадах оновчтой шийдэл гэж санхүүгийн мэргэжилтнүүд дүгнэж байна. Нэг үгээр бол ихээхэн хэмжээний ам.долларыг бондын төлбөрт төлснөөр валютын нөөц багасах, төгрөгийн ханш унах гэнэтийн аюул энэ удаад холдлоо гэсэн үг юм.
Өглөөний сонин