Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааны тухай
2013.08.29 Улаанбаатар хот
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэргэд шинээр байгуулж тусгай зориулалтаар тоноглогдсон 3 төрлийн ачигч, чирэгч автомашинуудыг төсвийн хөрөнгөөр худалдан авч энэ ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажиллагаа бүрэн хангагдаад нийслэлийн засаг даргын 2013 оны А/769 тоот захирамж гарч хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Улаанбаатар хотод Замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл зогсоох нь тухайн авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг бууруулж тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нарын хөдөлгөөнд оролцох хугацааг нэмэгдүүлж улс орон, хувь хүмүүсийг эдийн засгийн алдагдалд оруулах, зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болж байна. Хөдөлгөөний нягтрал ихтэй үед автомашинууд хажуу хоорондын зай бариагүйгээс мөргөлдөх, шүргэлдэх хэлбэрээр осол ихээхэн бүртгэгдэж байна.
Энэхүү арга хэмжээ хэрэгжснээр замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж зөөвөрлөн авто замын зорчих хэсгийг чөлөөлж, хамгаалалт бүхий журмын хашаанд хийх болон хяналттай төлбөртэй зогсоолд дугуйг зориулалтын цоожоор түгжин тавьж, төлбөр хураамжийг бэлэн бусаар хийх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төв