-Захиргааны хэргийн шүүх 2016 оны 10 дугаар сард гаргасан тогтоолыг хянан хэлэлцээд “Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт үндэслээгүй” гэж буруутгаад байсан юм. Бид үүнийг хүлээн авч тэрхүү шийдвэрээ цуцалсан. Харин сая гаргасан шийдвэр маань Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн гэдгийг онцолъё-
Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн зургаан хүнийг хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг Эрүүгийн хэргийн шүүхээс гаргасан. Үүнийг үндэслэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо таван хүнийг нь нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж, тухайн тойрогт нь 2017 оны 10 дугаар сард дахин сонгууль явуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргаад байгаа юм. Баянзүрх дүүргийн ИТХ бүрэн бүрэлдэхүүнээр бүрдэх асуудал тийнхүү хойшилж байгаа ч төрийн ажлыг тасралтгүй явуулах үүднээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн дөрөв дэхэд шийдвэр гарган тус дүүргийн Засаг даргыг батламжилсан байна. Харин Баянзүрх дүүргийн өмнөх удирдлага буюу дүүргийн АН дээрх шийдвэрүүдийг хууль бус гэж эсэргүүцэн Захиргааны хэргийн шүүх өөр байдлаар гарсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Маргаан бүхий уг асуудлаар бид Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийгөөс дараах тайлбар авлаа.
-Баянзүрх дүүргийн Ардчилсан намын удирдлагууд Сонгуулийн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх буруутгасан гэдэг мэдээллийг өгч байна. Та бүхэн шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн гээд байгаа нь ямар учиртай юм бэ?
-Ардчилсан намын дүүргийн удирдлагуудын яриад байгаа буюу Захиргааны хэргийн шүүхээс буруу гэж үзсэн шийдвэр нь Эрүүгийн хэргийн шүүхээс нэр бүхий зургаан нэр дэвшигчийг хууль зөрчсөнийг тогтоохоос өмнө гарсан шийдвэр юм. Эрүүгийн хэргийн шүүхээс гэм бурууг тогтоохоос өмнө бид холбогдох хуулийг үндэслэн нэр дэвшигчдийг хууль зөрчсөн гэж үзэж нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр гаргаад байсныг Захиргааны хэргийн шүүх буруутгасан. Тийм учраас дүүргийн Сонгуулийн хороо Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээн авсны дараа 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хуралдаж, өмнөх тогтоолоо цуцалсан юм.
Харин үүний дараа маргаан Эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж, нэр бүхий зургаан төлөөлөгч хууль зөрчсөнийг тус шүүхээс тогтоосон юм. Тэдгээр зургаан хүнээс нэг нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн дараагийн шатанд давж заалдаж буй бөгөөд эцэслэгдэн шийдэгдээгүй байна. Иймд бид Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг үндэслэн бусад таван нэр дэвшигчид хамаарах санал хураалтын дүнг хүчингүй болгож, тухайн тойргуудад дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргасан юм. Дүүргийн Сонгуулийн хорооны энэхүү сүүлийн шийдвэр хүчин төгөлдөр гэдгийг тодотгох нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тогтоол нь өнгөрсөн оны 10 дугаар сард буюу маргаан Эрүүгийн хэргийн шүүхээр шийдэгдэхээс өмнө Сонгуулийн хорооноос гаргаад байсан шийдвэр юм.
-Тэгвэл дүүргийн Сонгуулийн хорооноос өмнө нь гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх яагаад буруутгасан юм бэ. Мөн сүүлд гаргасан шийдвэрээ хууль зөрчөөгүй гэдэгт Та бүхэн итгэлтэй байна уу?
-Захиргааны хэргийн шүүх 2016 оны 10 дугаар сард гаргасан тогтоолыг хянан хэлэлцээд “Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт үндэслээгүй” гэж буруутгаад байсан юм. Бид үүнийг хүлээн авч тэрхүү шийдвэрээ цуцалсан. Улмаар нэр дэвшигчдийн хууль зөрчсөн эсэх асуудлыг Эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн тогтоохыг бид хүлээж байгаад сая шүүхийн шийдвэр гарсныг үндэслэн тогтоолыг гаргасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн гэдгийг онцолъё.
Нэр дэвшигч Сонгуулийн хууль зөрчсөн эсэхийг Эрүүгийн хэргийн шүүх хэлэлцэн тогтоодог.Харин Сонгуулийн хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэхийг Захиргааны хэргийн шүүх тогтооно. Тэгэхээр нэр дэвшигчдийн хууль зөрчсөн эсэх асуудлыг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тайлбарлах гээд байгаа нь үндэслэлгүй юм.
-Эрүүгийн хэргийн шүүхээр гэм буруутай нь нотлогдсон учраас Сонгуулийн хороо холбогдох эрх, үүргийнхээ дагуу дараагийн шийдвэрээ гаргасан юм байна. Гэтэл үүнийг зарим талууд тайлбарлахдаа улстөржсөн шийдвэр гэж үзэж байгаад та тайлбар өгнө үү?
–Дүүргийн Сонгуулийн хороо хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Дан төрийн албан хаагчдаас бүрдсэн, хараат бус байгууллага. Энд улстөржих, нэг талыг баримтлах бололцоо хуулиараа байхгүй. Сонгуулийн тухай хуулийн 34.1.2-т сум, дүүргийн Сонгуулийн хороо сонгуулийн хууль, тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу л ажиллаж байна.
Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, дахин сонгууль зарлахтай холбоотой харилцааг Сонгуулийн тухай хуулиар маш тодорхой зохицуулсан байдаг. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 159.3-т “сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасаж, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно.
Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж хуульчилсан байна. Мөн уг хуулийн 160.3-т “сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчдийн нэрийг жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдана” гэж, 160.4-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явагдана” гэж тус тус заасныг үндэслэн шийдвэрлэлээ.