-Бэл бэнчинтэй баячууд шүүхээс гарсан шийдвэрийг үл ойшоож, хүүхдүүдээр зугаацаж ханахгүй нь бололтой-
Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сард тушаалаар жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон шийдвэр гарсан.
Гэтэл Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг тогтоосноор Монголын морин спорт уяачдын холбоо “Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааныг өчигдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулж, хүслээ биелүүллээ. Ийнхүү Засгийн газар уяачдыг дэмжиж, унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хөсөр хаях шийдвэрийг гаргасан юм. Хүүхдийн амийг үнэгүйдүүлж, хүлэг морио дээдэлсэн баячуудыг дэмжиж, шүүх засаглалаас гаргасан шийдвэрийг үл огоорсон энэ үйлдлийг хэн хорих вэ.
Хөрөнгөтнүүдийн хийрхлийг шүүх засаглал болиулж дийлсэнгүй
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан юм. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг хангаж, Монгол Улсын Засгийн газар 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр 2017 онд зохион байгуулах хурдан морины Хаврын болон Зуны уралдааны товыг баталсан тогтоолын Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны гуравдугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны гуравдугаар сарын 05-ны өдөр товлосон хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүллээ. Хөвсгөл, Говь-Алтай аймагт энэ сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд энэ сарын 05-ны өдөр товлосон зохион байгуулах үйл ажиллагааг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд зогсоохоор шийдвэрлэв” гэсэн тус шүүхийн шүүгчийн захирамж гарсан ч ММСУХ-ныхон “Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн талууд давж заалдах боломжтой. Давж заалдан маргалдах хугацаанд уг шүүхийн шийдвэр хүчингүй байдаг. Тэгэхээр талуудын маргах давж заалдах долоо хоногийн хугацаанд Дүнжингарав уралдаан болох боломжтой болж байгаа юм” гэсэн тайлбарыг өгөөд байгаа аж.
Уг нь Монгол Улсын Үндсэн хуулиар хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчимтай. Гэтэл дээдсүүд хуулиас дээгүүр жаалж, хүүхдийн амийг үнэгүйдүүлж, хүлэг морио дээдэлж байгаа нь энэ улсад хууль дарга нарт бус жирийн ард иргэдэд л үйлчилдэг гэдгийг гэрчилж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрхийг зөрчигч хөрөнгөтнүүдийн хий дэмий хийрхлийг шүүх засаглал болиулж дийлсэнгүй. Хэрвээ уншигчид санаж буй бол өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглосон аймаг, сумын Засаг дарга нарын захирамж хүртэл гарсан байдаг. Гэвч энэ бүхнийг Засгийн газар үл тоомсорлож, тушаал шийдвэрээ эргэж харалгүй “Дүнжингарав-2017” хаврын уралдааныг зохион байгуулах эрхийг Морин спорт уяачдын холбоонд олгож, тэднийг толгойг илсээр байгаад ард түмэн харамсаж үгээ хэлж сууна.
Хэчнээн хүүхдийн амь насаар жил болгон наадах бол…
Яг үнэндээ морин уралдааны гол хохирогч нь хүүхдүүд байдаг. Уг нь тэд ээж аав, үе тэнгийн найз нөхөдтэйгээ өөр орчинд цагийг өнгөрүүлэх ёстой. Гэтэл халаасан дахь мөнгөндөө багтаж ядсан баячууд зугаагаа гаргах зорилгоор өвлийн хүйтэн жавар арилаагүй хатуу ширүүн цаг үед хамгаалалтын хэрэгсэл, даатгалын асуудал бүрэн шийдэгдээгүй нөхцөлд хоёр цаг гаруй хүйтэн агаарт морь унуулан уралдуулж байгаа нь тэд нэг ёсондоо хүүхдээр дур хүслээ хангаж буй хэрэг юм. Үүнээс болж олон хүүхэд мориноосоо унаж бэртдэг, харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол ч бий.
Тухайлбал, 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болсон. Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байдаг. Мөн 2015 онд нийт 7155 хүүхэд оролцсоноос 423 хүүхэд мориноос унан гэмтэж, гурван хүүхэд нь амь насаа алдсан бол 2016 онд 19 хүүхэд мориноос унаж, хоёр хүүхдийн хөл хугарсан гэсэн албан ёсны баримт байдаг. Эдгээр тоо өчигдөр хэдээр нэмэгдсэн нь тодорхойгүй байгаа ч хүүхэдгүй морь цөөнгүй харагдсан гэж албан бус эх сурвалжууд мэдээлсэн.
Хэвлэл мэдээлэл болон хүүхдийн эрхийн байгууллагууд сүүлийн жилүүдэд эдгээр уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцсээр байгаа. Учир нь морин уралдааныг хаврын цагт зохион байгуулснаар унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулсаар ирсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийг албадан ажиллуулах, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, тэдний хөдөлмөрийн хөлсийг шударга бусаар тооцож олгох, гуйлга гуйлгах, хууль бусаар нэрээр нь ашиг олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг ч дээрх заалт огт хэрэгждэггүй. Мөн хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг НҮБ-аас хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн төрөлд багтаасан байдаг ч манай улсад энэ хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэх ёс уламжлалтай хэмээн хаацайлсаар иржээ. Ямартай ч бэл бэнчинтэй баячууд шүүхээс гарсан шийдвэрийг үл огоорч хүүхдүүдээр зугаацаж ханахгүй нь бололтой.
Эх сурвалж: Өглөөний сонин