Шилийн богдын оройд эмэгтэйчүүд гарч “хийморио” сэргээдэг болжээ

“Эрийн хиймор сэргээсэн Шилийн богд сонсож бай

Эр зоригоо гайхуулсан Халхын сайн эрчүүд дуулж бай

Торой банди, тогос Чүлтэм, ганган Төгс, гархи Намжил, цахиур Төмөр бидний үгийг сонсож бай…” хэмээн хэлж, эртний сайн эрсийн хийморио сэргээдэг  Шилийн богд хайрхан нь өдгөө эрчүүдийн төдийгүй эмэгтэйчүүдийн “хиймор”-ийг сэргээдэг “газар” болсон гэнэ.

Бидний хэдэн эрчүүд Хаврын тэргүүн сарын шинийн 14-ний шөнө Шилийн богдын ар талд очиж хоноглон өглөө эртлэн газар газраас ирсэн олон эрчүүдийн адил Шилийн богдын оройгоос нар ургахыг үзэхээр зорин гарахад тэнд  эрчүүдтэй зэрэгцэн 3-4 эмэгтэйчүүд Шилийн богдын оройн овоонд гарсан байсан нь олон эрсийн дургүйцлийг төрүүлж байлаа.

Миний хувьд жендерийн асуудалд хүндэтгэлдэг ханддаг, мөн  уул хайрханы оройд эмэгтэйчүүд гарч болохгүй гэдэгтэй төдийлөн санал нийлдэггүй боловч олон эрс хийморь сүлдээ даатгахаар ирсэн эл газарт эмэгтэйчүүд гарсан нь түүх соёл, уламжлал талаасаа таагүй санагдсанаа нуух юун.

Эртнээс нааш тахилга шүтлэгтэй хайрханд эмэгтэй хүн гардаггүй гэдэг үзэл санааг эмэгтэйчүүдийг дорд үзсэн, тэднийг буруутгасан хэрэг гэж хэлэхэд дэндүү өрөөсгөл дүгнэлт болох биз.

Монголчууд эртнээс эр хүнийг “бүстэй хүн”, эмэгтэй хүнийг “бүсгүй хүн” гэж нэрлэж ирсэн. Бүстэй хүн /эр хүн/ өрх гэрээ удирдан, улс орноо жолоодон, гэрийн гаднах ажлыг амжуулдаг уламжлалтай байсан бол бүсгүй хүн эр нөхөртөө тус дэм болж, гэрийн доторхи ажлыг хариуцан хийдэг “хөдөлмөрийн хуваарь”-тай байсан нь ийнхүү уул хайрхандаа хүндэтгэл үзүүлэх зан үйлд илрэх болж,  эмэгтэйчүүд оройд нь гардаггүй үйл явдалтай холбоотой байсан  болов уу.

Ямартай ч манай эмэгтэйчүүд өөрсдөө ухамсарлан, түүх уламжлалдаа хүндэтгэлтэй хандаж, эр нөхөр, найз залуутайгаа зэрэгцэн, эрх тэгш хэмээн “барьцаж”,  олны тахилга шүтээн болсон уул хайрханы оройд гарахаасаа түтгэлзэх нь ямар бол гэж санагдсан.

Эмэгтэйчүүд  тахилгат болон олны шүтээн уул хайрханы оройд гарах нь магадгүй  наанадаж нутгийн олон хүмүүсийн зэвүү дургүйцлийг төрүүлж, уусан архиндаа халамцуу нэг нь тэдний энэ үйлдэлд дургуйцлээ илэрхийлэн  хамт яваа эрчүүдтэй нь муудалцан зодоон нүдээндээ тулах, цаанадаж  гэж шүтлэгтэй хүмүүсийн хувьд тухайн газар орны лус савдагийг хүлэгнүүлнэ сэтгэлдээ  сэв суулгахгүйн тулд оройд  нь заавал гарна гэлгүй дунд хирд нь гарчихаад буцчихаж болмоор юм.

Түүх, соёл уламжлалдаа хүндэтгэлтэй хандах нь орчин үеийн боловсролтой хүний мөн чанар биз ээ.

Ц.Мөнх


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …